Уншиж байна ...

Трампын засаг захиргаа дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсныг өчигдөр зарлажээ.

Үүнд гэр бүлээрээ цагаачлах “ногоон карт”-ын виз багтсан бол оюутны F-1, ур чадвартай ажиллах хүчний L болон H-1B төрлийн визүүд багтаагүйг эх сурвалжууд мэдээлж байна.

АНУ-ын төрийн департаментын мэдэгдэлд засгийн газрын халамж, тэтгэмжийн системийг урвуулан ашиглаж, “Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй хүмүүс”-ийн урсгалыг зогсоох зорилготой гэж шийдвэрээ тайлбарлажээ.

Уг арга хэмжээ нэгдүгээр сарын 21-нээс үйлчилж эхлэхээр болсныг зарласан ч хамрагдах улс орнуудын нэрсийн жагсаалт эцэслэн гараагүй байна.

Одоогоор мэдэгдэж байгаагаар жагсаалтад Хятад улс багтаагүй бол АНУ-ын холбоотон Тайланд, бөмбөрцгийн  баруун хагасын томоохон улс Бразил болон Орос, Бангладеш, Балба, Пакистан, Бутан, Египет, Йордан, Кувейт зэрэг улсууд багтжээ.

Гэхдээ цагаачлалын бус виз буюу аялал, бизнесийн зорилготой богино хугацааны виз олголт дээрх улсуудад хэвийн үргэлжлэх юм байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг  эхлүүлснээс хойш АНУ-д хуулийн дагуу болон хууль бусаар нэвтрэх гадаадын иргэдийн боломжуудыг эрс хязгаарлаж эхэлсэн.

Арваннэгдүгээр сард түүний засаг захиргаа дэлхийн 19 улсын иргэдэд үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр хилийн хориг тавихад Орос, Афганистан зэрэг улсууд багтаж байлаа.

Арванхоёрдугаар сард уг жагсаалтаа таван улсаар өргөжүүлсний дотор Палестины засаг захиргаанаас олгосон иргэний бичиг баримттай хүмүүс багтах болсон юм.

 

Эх сурвалж: BBC