Крикетийн спортын 2026 оны эрэгтэйчүүдийн T20 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 8-ныг дуустал Энэтхэг, Шри Ланка Улс хамтран зохион байгуулах юм.
10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 20 улсын баг 29 өдрийн турш өрсөлдөх учиртай.
Тус тэмцээний өмнөхөн аваргуудын өргөх цомыг бусад улс орнуудаар аялуулдаг уламжлалтай. Энэ удаад Азийн орнуудаар буюу Энэтхэг, Шри Ланка, Катар, Оман, Балба, Бахрейн болон Монгол Улсын нутгаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм.
Үүний дагуу өнөөдөр Сүхбаатарын талбайд цомыг байршуулж, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болов.
Сонирхуулахад уг спорт нь 120 жилийн дараа "Лос Анжелес 2028" олимпын хөтөлбөрт багтсан юм.
Олон Улсын Крикетийн Холбоо (ICC)-нд гишүүнээр бүртгэлтэй дэлхийн 100 гаруй улс байдгийн нэг нь Монгол. Манай Улс 2021 онд ICC-д, 2025 онд Азийн Крткетийн Холбооны албан ёсны гишүүн болсон түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!