Уншиж байна ...

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, цагдаа, онцгой байдлын байгууллагын автомашинд зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд иргэдээс ирсэн санал, гомдолд хариу өгөв.

Энэ үеэр "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2024 оноос Улаанбаатар авто замуудыг камержуулж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сарын 1-нд камержуулах ажил бүрэн дуусаж мөн оны хоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар 15-ныг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай сануулах мэссэжийг иргэдэд илгээсэн юм. Энэ хугацаанд 25 сая сануулах мэссэжийг иргэдэд хүргэсэн байна. Харин иргэд замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй сайжирч байгаа нөхцөл байдал харагдсан. 

2026 оны эхний 14 хоногт замын хөдөлгөөний дүрмийн зөрчил 404,000 бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хоногт 82,000 зөрчил бүртгэгдэж байсан бол энэ оны эхний сард 65,000 болж буурсан. Энэ хугацаанд 19,000 зөрчлийг баталгаажуулсан.

Олон нийтийн сүлжээнд өрнөөд буй асуудал нь иргэдэд зөрчлийн мэссэж очоод шалгаж байгааг торгууль ирчихлээ гэж ойлгоод байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол эрх бүхий албан тушаалтан шалгаж, баталгаажуулж байж торгууль ногдуулдаг. 

Түргэн тусламж, цагдаагийн машинд зам тавьж өгсөн нь зөрчлөөр бүртгэгдсэн бол энэ тухай хүсэлтээ илгээх, 70111642 дугаарт залгаж мэдээллээ өгөх боломжтой.

Авто замын 150 уулзвар тус бүрд 10 гаруй камер бий. Тээврийн хэрэгслийн дугаарыг таних, өнгө, загвар, авто замын эгнээг харахаас гадна бичлэг хийдэг камертай. Тухайн зөрчлийн зураг бичлэгтэйгээ системд хадгалагдаж байгаа. Цагдаагийн алба хаагч биет зохицуулалт хийсний дагуу хөдөлгөөнд оролцсон эсэх зэргээр бүгдийг эрх бүхий албан тушаалтан шалгадаг" гэж танилцуулав.

Иргэдээс ирсэн зарим гомдолд хариу өгөв.

  • Байрны гадаах зогсоол дээр автомашинаа тавьсан байхад торгууль ирээд байна гэх гомдол иргэнээс иржээ. Уг гомдлыг шалгахад тухайн иргэн явган хүний зам дээр автомашинаа тавьсан байсан тул иргэдээс 102 аппликэйшнээр зөрчлийн мэдээллийг илгээсэн болохыг хэлэв.
     
  • Түргэн тусламж, гал команд, цагдаа, онцгой байдлын байгууллагын автомашинд зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол гараагүй. Авто замын саадыг тойрсон тохиолдолд торгууль бичигдэхгүй.
     
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээ, цагаан зураасыг тодруулах, гэрлэн дохиог секундтэй болгох талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтэд: Замын тэмдэг, тэмдэглэгээ бүдэг уулзвар дээр торгууль тавихгүй байгаа. Стандарт хангаагүй авто зам, уулзвар дээр ямар ч зөрчил илрүүлж, хариуцлага тооцох ажиллагаа явуулахгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авто замыг шинэчлэхдээ тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах ажлыг гүйцэтгэсэн гэж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн дарга Ч.Хувьзаяа тайлбарлалаа.

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар зөрчлийг илрүүлж байгаатай холбоотой 100 гаруй гомдол иргэдээс иржээ.

AI-д суурилсан камераар илрүүлж буй зөрчлүүд: /14 хоногийн байдлаар/

зураг