Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-аас 4.3 тэрбум төгрөгийн гэрээг Английн "Фүлхэм" хөлбөмбөгийн багтай байгуулж, санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Энэ талаар өнөөдөр сэтгүүлчид хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад "Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Монголд зочлох жилийн хүрээнд Соёлын Яамнаас сурталчилгаа хийхэд гарах тодорхой зардлыг Нийслэлийн зүгээс гарга гэж надад даалгасан. Би Засгийн Газарт захирагдаж ажиллах ёстой хүн. Засгийн Газрын шийдвэрийг л дагасан.
Манай Улсад "Go Mongolia" нэртэй сурталчилгаа хийснээр жуулчдын тоо нэмэгдсэн. Би бол их гайхаж байна.
Бид өөрсдийнхөө хариуцсан төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэг төлбөр хийгдээгүй. Энэ төслийг Соёлын Яам цаашид сунгаж байгаа сураг сонсогдсон. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдэхгүй" гэсэн юм.
"Go Mongolia" төслийн хүрээнд хамтарсан Премьер лигийн баг нь "Fulham FC". Энэ төслөөр 2024-2025 оны улирлын бэлтгэлийн хувцас дээрээ таних тэмдэг байршуулах, тус багийн цэнгэлдэхэд "Go Mongolia" гэсэн бичиг байршуулах, хүүхдийн академид нь хүүхдүүд сонгон шалгаруулах зэрэг хөтөлбөр багтсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!