Уншиж байна ...

Израилийг төлөөлж цагаан олимпод оролцох тамирчдад хугацаанаас нь өмнө гадаад паспорт олгох эсэх нь тодорхойгүй байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Израилийг төлөөлж ирэх сард болох цагаан олимпод оролцохоор гурван тамирчин эрхээ аваад буй.

Тодруулбал орос гаралтай уран гулгагч Мария Сенюк, уулын цаначин Аттила Михали Кертес болон скелетоны тамирчин Жаред Файрстон нар "Милан Кортина 2026"-д оролцох эрх авсан юм.

Гэвч Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны дүрмээр тухайн улсын иргэншлээс гадна гадаад паспорт эзэмшдэг байх ёстой.

Харин Израилийн хуулиар бол тус улсад амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлээгүй иргэдэд түр аяллын бичиг олгодог нь тамирчдад хүндрэл учруулж байна.

Өвлийн олимпын бэлтгэл хийх хангалттай нөхцөл байдаггүй тул тус улсын тамирчид амьдралынхаа ихэнх хугацааг гадаадад өнгөрүүлдэг.

Тиймээс тэдэнд тусгай журмаар гадаад паспорт олгодог юм. Уг асуудлыг тус улсын Дотоод хэргийн яам хариуцдаг аж. Израилийн Дотоод хэргийн сайд асан Моше Арбел өнгөрсөн оны долдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний үүргийг түр орлохоор Ярив Левин хүлээн авсан ч аравдугаар сард эрх нь дууссан юм.

Дотоод хэргийн сайд эзгүй үед эрх мэдлийг нь Ерөнхий сайдад шилжүүлдэг боловч Бенжамин Нетаньяху авлигын хэргээр шүүхийн хаалга татсан тул одоогоор уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. 

Тиймээс яаралтай нөхцөлд Засгийн Газрын өөр гишүүдэд дээрх эрхийг шилжүүлэхээр Дотоод хэргийн яам ажиллаж байгааг Haaretz сонин мэдээлжээ. Дотоод хэргийн сайд томилогдсон даруйд уг эрхийг сайдын мэдэлд буцаах хуулийн гаргалгаа хайж байгааг тус сонинд онцолсон байна.

Олимпод оролцох тамирчдын эцсийн бүртгэл нэгдүгээр сарын 28-нд дуусна. Үүнээс өмнө хуульд өөрчлөлт оруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Эх сурвалж: Inside The Games