АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн орон нутгийн цагаар өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн хошой аварга Илья Малинин түрүүлснээр ирэх сард болох цагаан олимпод улсаа төлөөлөх эрхтэй болжээ. Узбекистан гаралтай уран гулгагч Татьяна Малининагийн төрсөн хүү Илья дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпод оролцох багт орж чадаагүй.
Олимпод орох мөрөөдөлдөө хүрч чадаагүй Илья их спортоо орхисон ч удалгүй эргэн ирээд дэлхийд дараалан түрүүлсэн билээ. Өдгөө 21 настай И.Малинин 2022 оноос хойш улсынхаа аваргаар дөрвөн удаа тодорч, дэлхийгээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм.
Мөнгөн медалийг 24 настай Эндрю Торгашев, хүрлийг Максим Наумов нар авснаар Италийг зорих "тийз" гардав.
Эндрюгийн эцэг эх нь украин гаралтай уран гулгагчид бол М.Наумовын орос гаралтай эцэг эх нь өнгөрсөн онд онгоцны ослоор өөд болсон юм.
26 настай Амбер Гленн, 20 настай Алиса Лиү, 18 настай Изабо Левито нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний гурван байр эзэлснээр Италид өрсөлдөх боллоо.
"Сэм авгын" бүсгүйчүүд 2006 оноос хойш уран гулгалтын ганцаарчилсан төрөлд медаль хүртээгүй. Амбер Гленний хувьд гурван жил дараалан улсын аварга болж буй бол Алиса Лиү өнгөрсөн жил Бостонд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль зүүсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!