Уншиж байна ...

"One Battle After Another" кино дөрвөн "Алтан бөмбөрцөг" хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 39 минутын өмнө
Reuters
Зураг зураг

83 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадам АНУ-ын Лос Анжелес хотод боллоо.

Энэ удаагийн наадамд хамгийн олон буюу есөн төрөлд төрөлд нэр дэвшсэн "One Battle After Another" кино дөрвөн шагнал авав. Тодруулбал дууны болон инээдмийн төрлийн шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол болон шилдэг эмэгтэй туслах дүрээр (Теяна Тэйлор) цом хүртсэн байна.

Харин драм төрлийн шилдэг киногоор хятад найруулагч Жао Тиний "Hamnet" тодорсон байна.

зураг
 

Гадаад хэл дээрх шилдэг киногоор Бразилын "The Secret Agent" кино нэрлэгдэв. Тус киноны гол дүрийг бүтээсэн Уагнер Моура драм төрлийн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон бол "Hamnet" кинонд нэрт яруу найрагч Уильям Шекспирийн эхнэр Энн Хатауэйгийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн 36 настай Жесси Бакли анх удаа "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшээд ялалт байгуулжээ.

Хэдхэн хоногийн өмнө кино шүүмжлэгчдийн саналаар шилдэг эрэгтэй жүжигчин болсон Тимоте Шалеме дууны болон инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр тодров.

зураг
 

Саяхан 30 нас хүрсэн франц жүжигчин эр АНУ-ын ширээний теннисчин Марти Маузерын тухай бодит түүхийг өгүүлсэн "Marty Supreme" кинонд бүтээсэн дүрээрээ анхны "Алтан бөмбөрцөг"-өө авлаа. Тэрбээр өмнө нь уг наадамд дөрвөн удаа дэвшээд хоосон хоцорч байв.

Телевизийн цувралд зургаан төрөлд нэр дэвшсэн "The White Lotus" нэг ч шагнал авч чадсангүй. Драм төрлийн шилдэг цувралаар "The Pitt", уг цувралд гол дүр бүтээсэн Ноа Уайли шилдэг эрэгтэй жүжигчнээр тодров.

Netflix-ийн бүтээл "Adolescence" таван төрөлд нэр дэвшээд дөрөвт нь шилдгээр нэрлэгдсэн байна. Тус цувралын гол дүр бүтээсэн 52 настай Стивен Грэм, туслах дүрийг амилуулсан 16 настай Оуэн Күүпер, туслах эмэгтэй дүрийг гаргасан 33 настай Эрин Доэрти нар цом авчээ.

"Алтан бөмбөрцөг" наадамд 2019 оноос Кэрол Бернеттийн нэрэмжит хүндэтгэлийн шагнал гардуулах болсон билээ.

Энэ жилийн хувьд Их хотын секс (Sex and the City) телевизийн олон ангит цувралын гол дүр бүтээсэн Сара Жессика Паркер уг шагналын эзэн болжээ.