Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-ны сайд Ч.Ундрам өчигдөр цаг үеийн зарим асуудлын талаар сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм.
Энэ үеэр түүнээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хүрээнд яамны зүгээс ямар бодлого баримталж буй талаар тодруулсан байна.
Тэрбээр "Энэ хуулийг Засгийн Газраас өргөн барихад би тухайн үед Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан. Уг хуулийн хамгийн чухал заалт нь оюуны өмчийн эрх байдаг. Жишээлбэл нэг дууг гэхэд шүлэг, ая, дуучин, продюсер гэх мэт олон хүн оролцдог.
Гэтэл ганцхан дуулдаг хүн нь энд тэнд уригдаж очоод шагнал, урамшууллыг нь аваад байдаг боловч шүлэг, ая зохиосон хүмүүс нь хоосон үлдэх асуудал гардаг.
Одоо манайд батлагдсан оюуны өмчийн тухай хууль бол сайнд тооцогддог. Гол нь хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарна.
Нэгдүгээрт оюуны өмчийн тухай загвар гэрээнүүдийг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар байгуулж өгөөд энэ гэрээний дагуу уран бүтээлчид маань хэрэгжүүлээд явна. Хоёрдугаарт тухайн дууг хэдэн удаа ашигласныг тоолдог систем бий. Үүнийг манайд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал караокед энэ дуу хэдэн удаа явснаас шалтгаалан орлогын тодорхой хувийг уран бүтээлчдэд өгөөд хийсэн гэрээнийхээ дагуу бусад хүмүүст ашгаа хуваадаг системийг нутагшуулна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!