Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, тодорхой албан тушаалтнуудыг өнөөдөр хүлээн авч, уулзжээ.
Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм.
Сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэн, Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлсэн юм.
Тэрбээр сүүлчийн 5 өвлийн олимпод Монгол Улсаас зөвхөн 2 тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажилд ахиц, дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж, тус олимпын наадмын зардал, баг тамирчдын наадмын ёслол болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-гоор дамжуулан санхүүжүүлэн, дэмжиж байгаагаа хэлэв.
Баг тамирчид энэ сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүд дасах бэлтгэлээ хийх юм.
Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!