Уншиж байна ...

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Тайсон Фюри дахин эргэн ирэхээ зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 1 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Тайсон Фюри орон нутгийн цагаар Ням гарагт өөрийн цахим хуудсаараа дамжуулан эргэн ирэхээр төлөвлөж байгаагаа зарлав.

Тэрбээр энэ талаар "2026 он бол эргэж ирэх жил. Хэсэг хугацаанд спортоосоо хол байсан ч одоо эргэн ирэхэд бэлэн байна. Хэдийгээр 37 нас хүрсэн ч цохилт маань хэвээрээ байгаа. Эрчүүдийн нүүр лүү цохиод мөнгө авах шиг сайхан зүйл үгүй" гэв.

Т.Фюри хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сард Украины боксчин Олександр Усикт дийлдээд зодог тайлахаа зарласан билээ.

Украин эрд хоёр дараалан ялагдахаасаа өмнө англи боксчин мэргэжлийн замналдаа 35 тулаан хийгээд 34-т нь ялж, нэг удаа тэнцсэн үзүүлэлттэй байв.

Фюри эргэн ирэхээ зарлахдаа хэн нэгнийг тулаанд дуудаагүй. Гэхдээ түүнийг Их Британийн өөр нэгэн боксчин Энтони Жошуа өнгөрсөн сард тулаанд дуудсан юм. Э.Жошуа Youtuber Жэйк Полыг хүнд цохилтоор буулган авсныхаа дараа Т.Фюриг онцолжээ.

Гэхдээ Э.Жошуа саяхан Нигери Улсад явж байхдаа зам тээврийн осолд орсон. Тиймээс түүний төлөвлөгөө ойрын хугацаанд хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.

Т.Фюри хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг хоёр удаа эзэмшиж байсан юм. Эхний удаад тэр Украины алдарт боксчин Владимир Кличког 2015 онд оноогоор ялснаар WBA, IBF, WBO холбооны аварга болж байсан түүхтэй.

Үүнийхээ дараа 2018 он хүртэл албан ёсны тулаан хийгээгүй тул аваргын бүсийг нь хурааж авсан. Улмаар АНУ-ын Деонтай Уайлдертай WBC холбооны аваргын бүсийн тулаан хийсэн юм.

Эхний тулаан тэнцээгээр өндөрлөсөн бол дараагийн хоёр тулаанд британи боксчин дараалан ялснаар аваргын бүсийг дахин эзэмших болсон аж.

Харамсалтай нь 2024 онд Украины О.Усикаас дэлхийн аваргын бусад холбооны бүсийг нь авах гэж үзээд дийлдсэн билээ. Дараа нь дахин тулаан хийсэн ч мөн л оноогоор ялагдсан.

Англи эр 2022 онд Дилион Уайтыг ялсныхаа дараа их спортоо орхиж байгаагаа анх зарласан. Гэвч ердөө зургаан сарын дараа аваргын бүсээ хамгаалах тулаан хийж байсан бол 2024 онд О.Усикт дараалан ялагдсандаа шаралхаад дахин зодог тайлахаар шийджээ.

 

Эх сурвалж: BBC