АНУ-ын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Critics Choice Awards" шагнал гардуулах 31 дэх удаагийн ёслол орон нутгийн цагаар Ням гарагт боллоо.
Нийт 600 гаруй кино шүүмжлэгч, урлагийн салбараар дагнаж бичдэг сэтгүүлчдийн саналаар кино болон телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг юм.
Мэргэжлийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан кино, жүжигчид тэр жилийнхээ Оскар болон Алтан бөмбөрцөг наадамд сайн оролцдог уламжлалтай.
Энэ удаагийн ёслолд жүжигчин Майкл Б.Жорданы гол дүр бүтээсэн "Sinners" 17 номинацид нэр дэвшээд дөрөвт нь шилдгээр шалгарчээ. Түүнчлэн найруулагч Пол Томас Андерсоны бүтээл "One Battle After Another" кино 14 төрөлд өрсөлдөөд гуравт нь цом авсан бол "Hamnet" болон "Frankenstein" тус бүр 11 төрөлд өрсөлдөв.
Телевизийн цувралд Netflix-ийн "Adolescence" зургаан төрөлд хүч үзлээ.
Кино шүүмжлэгчдийн саналаар оны шилдэг кино бүтээлээр "One Battle After Another" шалгарав. Түүнчлэн Томас Пол Андерсон шилдэг найруулагч, шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшээд шилдгээр тодорсон байна.
Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр АНУ-ын ширээний теннисчин Марти Маузерын тухай бодит түүхийг өгүүлсэн "Marty Supreme" кинонд гол дүр бүтээсэн франц жүжигчин Тимоти Шаламе, шилдэг эмэгтэй жүжигчнээр "Hamnet" кинонд бүтээсэн дүрээрээ Жесси Баклей нар нэрлэгдэв.
"One Battle After Another" кинонд гол дүр бүтээсэн Леонардо ДиКаприо шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшсэн бол түүнтэй хамтарсан залуу жүжигчин Чейз Инфинити, туслах дүр бүтээсэн Шон Пенн, Теяана Тэйлор нар мөн л цом авч чадаагүй байна.
Телевизийн шилдэг цувралаар "The Pitt" тодорсон бол тус цувралд гол дүр бүтээсэн Ноа Уайл шилдэг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!