Бямба гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилсан үйл явдал дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ.
Энэ нь олон улсын харилцаанд хүч хэрэглэх шинэ жишиг тогтоож болзошгүйг судлаачид анхааруулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг ажиллагааны дараа өөрийн цэрэг, зэр зэвсгийн хүчин чадлыг ил тод гайхуулах болсон.
Венесуэлийн ажиллагааны талаар мэдээ цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Трампын тамгын газрын дэд дарга Стивен Миллерийн гэргий, улс төрийн барууны үзэл сурталчилдаг подкастын хөтлөгч Кэти Миллер сошиал хуудсандаа Гринланд арлын газрын зургийг таван хошуу, судал бүхий АНУ-ын төрийн далбаагаар бүрхсэн зургийг “УДАХГҮЙ” гэсэн үгийн хамт нийтэлжээ.
Сүүлд “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Дональд Трамп “Бидэнд Гринланд гарцаагүй хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Газар зүйн онцгой чухал байрлалтай, эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хамгийн том арал Гринланд эртнээс Трампын сонирхлын төвд байгаа.
Уг арал АНУ-ын холбоотон, НАТО-гийн гишүүн Дани улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог юм.
Миллерийн сүрдүүлсэн агуулгатай нийтлэл тэр дороо Дани болон Гринландын эрх баригчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Гринландын засаг захиргааны тэргүүн Йенс-Фредерик Нилсен уг нийтлэлийг “хүндэтгэлгүй, ёс зүйгүй үйлдэл” гэж нэрлэжээ.
“Үндэстэн, ард түмний хоорондын харилцаа нь бидний статус, бүрэн эрхийг үл тоомсорлосон бэлгэдлийн үйлдлээр бус, харилцан хүндэтгэл, олон улсын эрх зүй дээр тогтдог юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.
Гэхдээ Нилсен “Бидэнд сандрах, санаа зовох шалтгаан байхгүй. Манай улс худалдаж болдог эд бараа биш бөгөөд бидний ирээдүйг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шийдэхгүй” гэж цааш нь мэдэгджээ.
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен “Гринландыг АНУ авах хэрэгтэй гэж ярих нь ямар ч үндэслэлгүй, утгагүй зүйл. Данийн Хаант Улсын бүрэлдэхүүнд байдаг гурван улсын алийг ч өөртөө нэгтгэх эрх АНУ-д байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Трамп саяхан Луйзиана мужийн захирагч Жэфф Ландрийг өөрийн засаг захиргааны Гринландыг хариуцсан тусгай элчээр томилсон юм.
Өнгөрсөн сард томилогдохдоо тэр “Гринландыг АНУ-ын нэг хэсэг болгох үйлсэд сайн дурын үндсэн дээр хүчин зүтгэх болсон нь нэр төрийн хэрэг юм” гэж мэдэгдэж байв.
Сая Мадурог баривчлах ажиллагаа явагдсаны дараа Ландри “Шерифийн орлогч, ерөнхий прокурорын албан тушаал хашиж байхдаа би Америкийн гэр бүлүүдэд хууль бус мансууруулах бодис ямар гай зовлон учруулж байгааг харсан. Жил бүр 100,000 гаруй хүн опиоидтой холбоотой нас барж байгаа энэ үед хар тамхины эсрэг тэмцэлд бодитой арга хэмжээ авч буй ерөнхийлөгчийг хараад би талархаж байна. Мадуро шиг хүмүүст хариуцлага тооцож эхэлсэн ерөнхийлөгчид баярлалаа” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!