Хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй үйлдлийн улмаас цахилгааны кабелийн дэд бүтэц ноцтой гэмтсэн нь Германы нийслэл Берлин хотын олон арван мянган айл өрхийг Пүрэв гараг хүртэл цахилгаан хангамжгүй болгожээ.
Бямба гарагийн өглөө цахилгаан станцын ойролцоох гүүрэн дээр байрладаг хэд хэдэн өндөр хүчдэлийн шугамд гал гарсныг тус улсын онцгой байдлын алба мэдээлсэн байна.
Галыг унтраасан ч Берлин хотын баруун өмнөд хэсгийн дүүргүүдэд 45,500 орчим өрх, 2,200 орчим байгууллага цахилгаан хангамжгүй болсныг эрчим хүчний оператор Stromnetz Berlin мэдээлжээ.
Цахилгаан хангамж Ням гарагийн өглөөнөөс сэргэж эхлэх ч 35,000 орчим айл өрхийн хангамжийг Пүрэв гарагт хүртэл сэргээх боломжгүй болсныг Берлиний эрх баригчид анхааруулсан байна.
“Бид асрамжийн газар, эмнэлэг, нийгмийн болон хувийн байгууллагууд зэрэг хэдэн арван мянган айл өрх, бизнес эрхлэгчдэд нөлөөлсөн онц ноцтой цахилгааны тасалдалтай тулгараад байна” гэж Берлин хотын эдийн засгийн асуудал хариуцсан сенатор Франциска Гиффей хэлжээ.
Уг ослын улмаас цахилгаанаар ажилладаг дулаан түгээх системүүд бас зогссон байна.
Өвлийн хүйтэн цаг агаар газар доорх кабелийг солих ажилд саад учруулж буй тул “засварын ажил маш удаан үргэлжилнэ” гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Цагдаагийн байгууллага осол гарсан газарт 160 орчим албан хаагчаа томилон гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллуулж эхэлсэн байна.
Чанга яригчтай автомашинууд осолд өртсөн дүүргүүдийн гудамжаар явж, хүмүүсийг найз нөхөд, хамаатан садныдаа түр хугацаагаар байрлахыг зөвлөж эхэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Берлинд мөн үүнтэй төстэй осол гарахад олон арван мянган хэрэглэгч цахилгаангүй болж байсан юм.
Энэ удаагийн осол тэр үеийнхээс илүү ноцтой болохыг Гиффей баталж байна.
Цагдаа нар тухайн үед гал тавьсанд сэжиглэгдэж байсан анархист бүлгийг энэ удаа мөн шалгаж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Герман улсад гадаадаас, тэр дундаа Орос улсын зүгээс оролцоотой дэд бүтцийг чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагаа эрчимжсэн тул аюулаас хамгаалах албаныхан сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!