Уншиж байна ...

Мадуро баривчлагдсаны дараа Венесуэл улсыг нэг хэсэгтээ АНУ удирдахаар болсныг Трамп зарлав

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэл улсын нутаг дэвсгэрт томоохон байлдааны ажиллагаа явуулсны дараа тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог олзлон авчээ.

Уг ажиллагааны үеэр АНУ-ын хууль сахиулагчид Мадурог гэргийнх нь хамт баривчлан нийслэл Каракас хотоос авч явсныг ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлсэн байна.

Түүнийг Нью-Йоркийн шүүх хар тамхи, галт зэвсгийн хэрэгт буруутгаж, шүүх үйл явцыг эхлүүлэхээр бэлджээ.

Бямба гарагийн өглөө эрт Венесуэлийн нийслэл Каракас хотод хэд хэдэн дэлбэрэлт болсныг гэрчүүд мэдээлсэн юм.

Дэлбэрэлтүүдийн зарим нь цэргийн баазуудаас сонсогдож байжээ.

Венесуэлийн засгийн газар үүний дараа зэвсэгт хүчнээ байлдааны байдалд шилжүүлж, үндэсний хэмжээнд онц байдал зарласан байна.

АНУ-ын засаг захиргаа Николас Мадурог хар тамхины наймаанд биечлэн оролцдог, хууль бус сонгуулиар төрийн эрхийг авсан гэж буруутгадаг.

Хариуд нь Мадуро тус улсын газрын тосны нөөцийг гартаа оруулах зорилготой хэмээн АНУ-ыг хурцаар шүүмжилж байсан юм.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп төрийн эрхийг “аюулгүй, зохистой, ухаалаг замаар шилжүүлэх” боломжтой болох хүртэл Венесуэл улсыг АНУ “удирдах” болсныг мэдэгджээ.

Тэр бас Америкийн газрын тосны компаниуд Венесуэлд ажиллаж эхлэхийг нэмж мэдээлсэн байна.

Энэ үеэр Трамп АНУ-ын хөлөг дээр байгаа, нүдийг нь халхалсан Мадурогийн гэрэл зургийг үзүүлсэн юм.

зураг
 

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын армийн терроризмын эсрэг тэмцэх үүрэгтэй Дельта хүчний анги Мадурог баривчлах ажиллагааг гүйцэтгэжээ.

Венесуэлийн засгийн газарт шургалсан Тагнуулын Төв Газрын (CIA)  агент Мадурогийн байршлыг илрүүлэхэд гол туслалцааг үзүүлсэн гэнэ.

Трамптай цуг хэвлэлийн хуралд оролцсон АНУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн жанжин штабын дарга, генерал Дэн Кэйн олон сарын өмнөөс төлөвлөгдөж, бэлтгэгдсэн “Operation Absolute Resolve” нэртэй ажиллагаа цаг агаарын тохиромжтой нөхцөлийг хүлээж байгаад хэрэгжсэнийг мэдээлжээ.

Каракас хотод тусгай ажиллагааны багийг нэвтрүүлэхэд 150 гаруй нисэх онгоц оролцсон гэнэ.

Орон нутгийн цагаар шөнийн 02:01 цагт Каракас хотын цахилгаан хангамжийг тасалж, харанхуй болгосны дараа Мадурогийн “цайз бэхлэлт” хэлбэрийн өргөөнд тусгай ажиллагааны баг нэвтэрсэн байна.

Энэ үеэр Мадуро сэйфнийх шиг ган хаалгатай өрөөнд нуугдахыг завдсан ч хаалгыг хааж чадалгүй баригдсаныг Трамп дүрслэн ярьжээ.

Ажиллагааны үеэр АНУ-ын алба хаагчдын амь нас эрстээгүй, цөөн хүн шархадсан бөгөөд Трамп уг үйл явдлыг “шууд” үзсэн гэнэ.

Дараа нь Мадурог гэргийнх нь хамт Нью-Йорк хотод хүргэх тэнгисийн хөлөг онгоцонд агаараар шилжүүлэн суулгажээ.

Одоогоор Каракас хотын таван байрлалд агаараас цохилт өгснийг тогтоогоод байна.

Эдгээр нь:

  • Генералиссимо Франциско де Миранда агаарын бааз
  • Каракас дахь гол цэргийн байгууламж болох Фуэртэ Тиуна
  • Каракасаас Карибын тэнгис хүрдэг гол суваг болох Порт Ла Гуайра
  • Каракасаас зүүн зүгт Миранда мужид оршдог Игуэроте нисэх буудал
  • Миранда мужийн нутагт Серро Эль Волкан уулын оройд байрладаг Антенас Эль Волкан харилцаа холбооны цамхаг

Ажиллагааны дараа Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригес үндэсний телевизээр үг хэлэхдээ эв нэгдэлтэй байхыг ард түмэндээ уриалж, Венесуэлийн цорын ганц ерөнхийлөгч Мадурог суллахыг АНУ-аас шаардаж, тус улс хэзээ ч аль нэг улсын колони болохгүйг мэдэгджээ.

Сүүлд Трамп түүнийг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихдаа “шаардлагатай бүхнийг хийхээ амласан” гэж мэдээлсэн юм.

“Түүнд үнэндээ ямар ч сонголт байхгүй” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

Америкийн газрын тосны компаниуд удахгүй Венесуэлд нэвтэрч, олборлолтын үйл ажиллагааг нь засварлан сэргээж, үйлдвэрлэсэн баялгаа Венесуэл болон АНУ-д зориулж эхлэх гэнэ.

“Бид зарцуулсан бүх зүйлийнхээ нөхөн төлбөрийг авах болно” гэж хэлсэн Трамп бас дэлхийн бусад улс орнуудад Венесуэлийн газрын тосыг экспортлохоо амлажээ.

АНУ-ын цэрэг Венесуэлд байрлах эсэх талаар сэтгүүлч асуухад Трамп “бид тэнд хөл тавихаас айхгүй” гэж хариулсан байна.

АНУ-ын тусгай ажиллагааны тухай мэдээнд хамгийн түрүүнд Венесуэлийн уламжлалт холбоотнууд хариу үйлдэл үзүүлсэн юм.

Тухайлбал ОХУ үүнийг “маш их санаа зовоосон, зэвсэгт түрэмгийлэл” гэж буруутгажээ.

Хятадын гадаад хэргийн яам тусгаар тогтносон улс болон түүний ерөнхийлөгчийн эсрэг хүч хэрэглэсэнд “маш их цочирдож, эрс буруушааж байна” гэж мэдэгдсэн юм.

Ираны гадаад хэргийн яам уг ажиллагааг “тус улсын үндэсний бүрэн эрхэт байдлыг илт зөрчсөн үйлдэл” хэмээн буруутгажээ.

Венесуэлийн хөрш Колумб, Бразил улсууд бас АНУ-ын үйлдлийг шүүмжилсэн байна.

Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел үүнийг “гэмт хэрэг” гэж тодорхойлсон бол Чилийн ерөнхийлөгч Габриэл Борич “санаа зовж байгаагаа” илэрхийлээд хямралыг “энх тайванч арга замаар шийдвэрлэх”-ийг уриалжээ.

Харин АНУ-ын холбоотон Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей “эрх чөлөө урагшилж байна, эрх чөлөө мандтугай” гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уг үйл явдалд “маш их түгшиж”, аюултай жишиг тогтохоос болгоомжилж буйг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Европын удирдагчид ерөнхийдөө Мадурогийн дэглэм төгсөж буйд харамсахгүй байгаа ч эрх мэдэл шилжүүлэх үйл явц энх тайван замаар, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийн дагуу явагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлцгээсэн байна.

Венесуэлийн нийслэл Каракас хотод АНУ-ыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдсан бол дэлхийн хэд хэдэн улсад цагаач венесуэлчүүд Мадурогийн дэглэм унасан тухай мэдээг баяр хөөртэй угтацгаажээ.

 

Эх сурвалж: BBC