Уншиж байна ...

Энэтхэгийн хамгийн цэвэрхэн хотод бохир, цэвэр ус холилдсоны улмаас 10 хүний амь үрэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн найман жил дараалан Энэтхэгийн хамгийн цэвэрхэн хотоор шалгарч байсан Индор хотод бохир, цэвэр ус холилдсоны улмаас 10 хүний амь үрэгдэж, 270 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.

Мадхья Прадеш мужийн эдийн засгийн нийслэлд тооцогддог энэ хотын ядуу хорооллын оршин суугчид цоргоны уснаас эвгүй үнэр гарах болсон талаар хэдэн сарын өмнөөс гомдоллож байсан ч эрх баригчид анхаарал хандуулахгүй байсан гэнэ.

“Бхагиратпура дүүрэгт бохирдсон уснаас үүдэлтэй суулгалтын улмаас 10 хүн нас барсан тухай мэдээллийг би хүлээж авлаа” гэж Индор хотын дарга Пушяамитра Бхаргава өчигдөр мэдэгджээ.

Дамжуулах шугамууд дээр бохир, цэвэр ус холилдсон нь уг эмгэнэлт явдлын шалтгаан байсныг тэр тайлбарласан юм.

Орон нутгийн хэвлэлүүд нас барсан хүмүүсийн тоо 15 хүрснийг мэдээлсэн ч албан ёсны эх сурвалжууд үүнийг батлаагүй байна.

Нийт 32 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгааг бас мэдээлжээ.

Мадхья Прадеш мужийн ерөнхий сайд Мохан Ядав айл өрхүүдээр явж үзлэг хийсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд өвдсөн байж болзошгүй 2,456 хүнийг илрүүлж, газар дээр нь анхны тусламж үзүүлснийг мэдээлсэн байна.

Ундны цэвэр усны шугам дээр баригдсан нийтийн бие засах газрын бохир ус нэвчсэнээс ийм асуудал үүссэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсныг хотын эрх баригчид танилцуулжээ.

Уг бие засах газар нь цэвэршүүлэх байгууламжгүй баригдсан юм байна.

Бөөлжих, халуурах, суулгах шинж тэмдэг илэрсэн иргэд энэ долоо хоногийн эхээр олноороо эмнэлэгт үзүүлж эхэлжээ.

Үүний дараа ундны усыг нь шинжлэхэд хүний ялгадсанд байдаг бактери их хэмжээтэй илэрсэн гэнэ.

Иргэдийн гомдолд шуурхай хариу арга хэмжээ авахад хүнд суртал саад болсон гэж үзэж байна.

“Юу юуны түрүүнд энэ явдал албан тушаалтнууд үүрэгт ажилдаа нухацтай хандаагүйгээс болсон” гэж Индор хотын зөвлөлийн гишүүн Камал Вагела мэдэгджээ.

Хотын хэд хэдэн албан тушаалтныг уг үйл явдалтай холбогдуулан шалгахаар ажлаас нь түр чөлөөлсөн байна.

Хохирогсдын хамгийн залуу нь таван сартай хүүхэд байжээ.

Энэтхэгийн гол хэвлэлүүд Мадхья Прадеш мужид гарсан энэ явдал  нийт улс орны усны менежмэнтийн асуудалд сэрэмжлүүлэг болсныг анхааруулж байна.

Сөрөг хүчний Конгрессын гишүүн Рахул Ганди эрх баригч Бхаратия Жаната намын засгийн газрыг уг асуудалд буруутгаж, “цэвэр ус бол давуу эрх биш, энэ бол амьд явах эрх” гэж мэдэгджээ.

Индор хотын хямрал Энэтхэг даяар усны аюулгүй байдал ямар түвшинд байгаагийн илрэл болж байна.

Нийслэл Дели хотын усны шинжилгээний лабораториудын ердөө 8 хувь нь олон улсын чанарын батламжтай ажиллаж байгааг Индиа Таймс сонин мэдээндээ дурджээ.

Орон даяар энэ үзүүлэлт 59 хувьтай байгаа гэнэ.

Энэтхэгийн хотуудын оршин суугчдын тоо хурдтай өсөхийн хэрээр ундны уснаас гаралтай өвчний дэгдэлтийн эрсдэл улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press