Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Тесла компани өчигдөр дэлхийн тэргүүлэх цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн титмээ Хятадын BYD компанид алджээ.
Тесла 2025 онд 1.64 сая тээврийн хэрэгсэл зах зээлд нийлүүлсэн нь өмнөх оноос 9 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
BYD эсрэгээрээ өнгөрсөн онд 2.26 сая автомашин нийлүүлж, өмнөх онтой харьцуулахад борлуулалтаа 27.9 хувиар өсгөжээ.
2025 оны сүүлийн улиралд Тесла 418,227 ширхэг автомашин борлуулсан нь шинжээчдийн таамаглаж байсан 440,000-д хүрээгүй байна.
Ерөнхийлөгч Байдены тогтоосон цахилгаан автомашины $7,500-ын татварын хөнгөлөлтийг өнгөрсөн есдүгээр сард Трампын засаг захиргаа цуцалсан нь үүнд зарим талаар нөлөөлсөн бололтой.
BYD компанийн Хятадаас гаднах зах зээлийн борлуулалт 2025 онд нэг саяд хүрсэн нь 2024 оныхоос 150 хувиар өссөн үр дүн болсон байна.
Одоо тус компани 2026 онд 1.6 сая автомашиныг гадаад зах зээлд борлуулах зорилт тавьжээ.
Хятад хэлээр “Бияади”, англиар “Build Your Dreams” үгийн товчлолоор нэрлэгддэг BYD компани 1995 онд батарей үйлдвэрлэх зорилготой байгуулагдаж байв.
Одоо Хятад улс нь шинэ эрчим хүчний автомашины дэлхийн хамгийн том зах зээл болоод байгаа.
АНУ-ын засаг захиргаа BYD тэргүүтэй Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд татварын өндөр босго тавих замаар зах зээлээ хамгаалж байна.
Харин Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Европ зэрэг дэлхийн бусад бүс нутгийн зах зээлд BYD амжилттай урагшилж байгаа юм.
2024 онд Тесла маш бага зөрүүгээр зах зээлийн тэргүүллээ хадгалан үлдэж байжээ. Тухайлбал 2024 онд Тесла 1.79 сая, BYD 1.76 сая автомашин борлуулсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!