Уншиж байна ...

Бенгалын галтай оргилуун дарсны бөглөө Швейцарын бааранд гарсан гал түймрийн шалтгаан болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн шөнө Швейцарын цанын баазын нэг бааранд гарсан гал түймрийн улмаас 40 хүний амь үрэгдэж, 119 хүн түлэгдээд байна.

Өчигдөр буюу Баасан гарагт Швейцарын мөрдөгчид оргилуун дарсны бөглөөн дээр байрлуулсан бенгалын гал таазанд хэт ойртсоны улмаас гал гарсан гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ.

Үүний дараа дуу чимээг тусгаарлах зориулалттай таазны материал галын аюулгүй байдлын стандартад нийцэж байсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Ерөнхийдөө оргилуун дарсыг задлах үед баяр ёслолын үеэр нийтлэг ашиглагддаг бенгалын галтай бөглөө таазанд хүрснээс гал гарсан гэж үзжээ.

Гал түймэр шинэ он гарснаас хойш нэг цаг, 30 минут орчмын дараа Швейцарын баруун өмнөд хэсгийн Кранс-Монтана цанын баазын “Le Constellation” нэртэй бааранд гарсан юм.

Өчигдөр албаныхан түлэгдсэн 119 хүний 113-ыг нь таниулж чадсанаа мэдээлжээ.

Одоо амиа алдсан хүмүүсийг таниулах ажил үргэлжилж байна. Тэдгээрийн шатсан цогцсыг таниулахад хүндрэл учирч байгаа тул ар гэрийнхнийх нь ДНХ материалыг шинжилгээнд ашиглаж байгаа аж.

Италийн ирээдүйтэй гольфчинд тооцогдож байсан 17 настай Эмануэле Галеппини амь үрэгдсэн хүмүүсийн нэг байж магадгүй байна. Түүний ДНХ шинжилгээний хариуг хүлээж байгаа гэнэ.

Баасан гарагийн байдлаар нийтдээ 13 иргэн нь түлэгдэж, зургаа нь сураггүй алга болоод байгааг Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяани мэдээлсэн байна.

Францын гадаад хэргийн яам найман иргэн нь сураггүй алга болж, есөн иргэн нь түлэгдсэнийг мэдээлжээ.

Итали, Францаас гадна Швейцар, Серби, Босни Херцеговина, Люксембург, Бельги, Португал, Польшийн иргэд хохирогсдын дунд байгааг албаныхан өчигдөр мэдээлсэн байна.

Түлэгдсэн хүмүүсийг Швейцараас гадна хөрш орнуудын эмнэлэгт эмчилж байгаа юм. Баасан гарагийн байдлаар гүн түлэгдэлтэй 30 орчим хүний эмчилгээ үргэлжилж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press