Африкийн цом хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 18-ныг дуустал Марокко Улсад үргэлжлэх юм.
35 дахь удаагийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөсөн. "F" хэсэгт Кот-д'Ивуар, Камерун, Мозамбиктай өрсөлдсөн Габоны шигшээ баг нэг ч оноо авч чадалгүй мултарсан нь тус улсын эрх баригчдын уурыг хүргэжээ.
Габоны Спортын сайд нутгийнхаа телевизэд өгсөн ярилцлагадаа шигшээ багтаа хориг тавьснаа зарласан байна. Дасгалжуулагчдын багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь халж байгаагаа зарлаад зогсохгүй гол тоглогч болох Пьер Эмерик Обамеянгийг шигшээгээс хөөж байгаа мэдэгджээ.
"Африкийн цомд үзүүлсэн ичгүүртэй тоглолтыг нь харгалзаж Засгийн газраас дасгалжуулагчийн багийг халж, шигшээ багийг дараагийн шийдвэр гарах хүртэл тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүллээ. Мөн Пьер Эмерик Обамеянг, Экуэль Манга нарыг шигшээгээс хасах шийдвэр гаргасан" гэж салбарын сайдын албан тушаалийг түр орлож буй Симплис Десир Мамбоула онцолжээ.
Өдгөө 36 настай П.Обамеянг ид үедээ Итали, Герман, Английн лигт данстай байсан нэгэн. Өдгөө Францын "Марсель"-д тоглож буй юм.
Харин 37 настай хамгаалагч Э.Манга Франц болон Английн лигт залуу насаа өнгөрүүлсэн аж.
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос Засгийн газрыг буруутгасан мэдэгдэл гаргажээ. Тэд холбооны үйл ажиллагаанд Засгийн газраас саад учруулахгүй байх ёстойг сануулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!