Уншиж байна ...

Канад Улс Сидней Кросби тэргүүтэй олимпод оролцох 25 тамирчныг зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Ирэх хоёрдугаар сард Италид нээлтээ хийх цагаан олимпод Канад Улсын хоккейн эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа.

Энэ удаагийн олимпод 2014 оноос хойш анх удаагаа Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн тамирчид оролцохоор болсон юм. Олимпод оролцох 25 хүний бүрэлдэхүүнд өнгөрсөн хоёрдугаар сард 4 үндэстний хооронд болсон цомын тэмцээнд оролцсон багаас 19 тамирчин багтжээ.

Тодруулбал Сидней Кросби, Коннор МакДэвид, Натан МакКиннон, Сэм Рейнхарт, Брэйден Пойнт, Кэл Макер нарыг өнгөрсөн зургаадугаар сард олимпод оролцох багт урьснаа мэдэгдэж байсан билээ.

Шинээр урилга авсан тоглогчдоос С.Кросби, Дрю Даути нараас бусад нь анх удаа олимпод орж байна. Тэд 2010 болон 2014 оны олимпод дараалан түрүүлж байв.

Канадын шигшээ багийн хамгийн залуу тоглогч нь "Сан Хосе Шаркс"-ын залуу лидер Маклин Селебрини. 2024 оны драфтын №1-ээр "Аварга загаснууд"-ын бүрэлдэхүүнд багтсан Маклин дөнгөж 19 настай аж.

Канадын шигшээ баг NHL-ийн тоглогч оролцохыг зөвшөөрсөн олимпод бүгдэд нь түрүүлж байсан юм.

Хамгийн анх 1998 оны Наганогийн олимпод алтан медаль хүртсэн бол 2002, 2010, 2014 онд дээрх амжилтаа давтжээ. Харин NHL-ийн одод нь оролцоогүй олимпод буюу 2018 онд дөнгөж хүрэл медаль зүүсэн бол 2022 онд хоосон буцсан түүхтэй.

Милан-Кортинагийн өвлийн олимпын хоккейн эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх хоёрдугаар сарын 11-нээс 22-ныг дуустал үргэлжилнэ. Канадын шигшээ баг "A" хэсэгт Чех, Швейцар, Францтай өрсөлдөх билээ.