Дэлхийн Даамын Холбоо (FMJD) шинэ оны эхний өдөр тамирчдын шинэ чансааг зарлалаа.
Тэд шинэ системээр чансаагаа тодруулсан бөгөөд "A" ангиллын жагсаалтын эхний дөрвөн тамирчны нийлбэрээр улсуудын рэйтингээр Монголын эмэгтэй даамчид зургаадугаарт жагссан бол эрчүүд 18 дугаарт бичигджээ.
Тодруулбал манай эмэгтэй даамчдын дундаж чансаа нь 2,091 байв. Манай даамчдаас Ц.Цацрал (2,098), Б.Мөнхжин (2,093), Б.Мишээл (2,089), Н.Лхагвадолгор (2,085) нар чансаанд орсон юм.
Тэгвэл эрэгтэй даамчдаас Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг (2,268), Ц.Сүхбат (2,230), Р.Манлай (2,190), Б.Мөнхжин (2,184) нарын дундаж нь 2,218 чансааны оноогоор 18-д жагсаж буй аж.
Хувь чансаагаар эрэгтэй тамирчдаас Д.Эрдэнэбилэг 94 дүгээрт бичигдэж буй бол эмэгтэйчүүдээс Ц.Цацрал, Б.Мөнхжин, Б.Мишээл, Н.Лхагвадолгор, Э.Хүслэн, Б.Анужин, Н.Мөнхтуяа, Э.Даариймаа, Г.Хэрлэнмөрөн, М.Нямжаргал, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг, Б.Отгон-Эрдэнэ, Б.Есүй нар эхний 100-д багтжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!