Уншиж байна ...

Швейцарын цанын баазад шинэ жилийн баяр тэмдэглэж байсан бааранд гал гарсны улмаас 40 хүн амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Швейцарын өмнөд хэсэгт оршдог цанын баазын бааранд гал түймэр гарсны улмаас шинэ жилийн баяр тэмдэглэж байсан 40 орчим хүн амиа алдаж, 115 хүн гэмтжээ.

Кранс-Монтана цанын баазын “Le Constellation” нэртэй уг бааранд шинэ оны анхны шөнө 01:30 цагийн үед гал гарсан байна.

Галын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа ч санаатай халдлага байсныг эрх баригчид үгүйсгэж байна.

Ойрын өдрүүдийн гол ажил нас барагсдын цогцсыг яаралтай таниулж, ар гэрийнхэнд нь буцааж өгөх болохыг орон нутгийн цагдаагийн ахлагч Фредерик Гислер мэдэгджээ.

Хохирогчдын дунд олон орны иргэд байгаа юм байна.

Гамшгийн аврах ажиллагаанд 13 нисдэг тэрэг, 42 түргэн тусламжийн автомашин, 150 аврагч оролцжээ.

Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь гүн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгааг эмнэлгийн албаныхан мэдээлсэн байна.

Орон нутгийн эмнэлгийн хүчин чадал хүрэхгүй байгаа тул зарим хохирогчийг Лозанн, Цюрих зэрэг бусад хотуудын эмнэлэгт хүргэжээ.

зураг
 

Италийн гадаад хэргийн яам 16 иргэн нь сураггүй алга болсон, 12-15 иргэн нь эмнэлэгт эмчлүүлж байгааг мэдээлсэн байна.

Францын гадаад хэргийн яам найман иргэн нь сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн дунд тэдний зарим байх магадлалтайг мэдэгджээ.

Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин уг гамшгийг “манай улсын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт явдлуудын нэг” гэж тодорхойлсон байна.

Кранс-Монтана бол 1980-аад оны үед цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан тансаг зэрэглэлийн цанын бааз юм.

Олон арван жил үйл ажиллагаа явуулж буй “Le Constellation” баар нь дээд давхартаа спортын уралдаан тэмцээн үзэх телевизийн том дэлгэцтэй, доод давхартаа ууж, бүжиглэх том танхимтай байгууламж юм байна.

 

Эх сурвалж: BBC