Парламентын ордонд эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн өрөөний тоог нэмэхийг шаардсан эмэгтэй хууль тогтоогчдын хөдөлгөөнд нэгдэж байгаагаа Японы ерөнхий сайд мэдэгджээ.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсанаар одоогоор 73 эмэгтэй хууль тогтоогчид ердөө хоёрхон бие засах өрөө оногддог гэнэ.
“Нэгдсэн чуулганы өмнө маш олон тооны эмэгтэй хууль тогтоогч ариун цэврийн өрөөнд дугаарлан зогсдог болсон” гэж Үндсэн Хуулийн Ардчилсан Намын төлөөлөгч Ясүко Комияама мэдэгдсэн байна.
Тэгвэл сая Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Санае Такаичи энэ хөдөлгөөнд нэгдэж байгаагаа мэдэгджээ.
Өнгөрсөн онд болсон сонгуулиар тус улсын парламентад 73 эмэгтэй сонгогдож, доод танхимын суудлын 16 хүрэхгүй хувийг эзэлдэг болсон юм.
Салбар бүрд эрчүүд давамгайлдаг уламжлалтай Японы нийгэмд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа.
Гэсэн хэдий ч Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргадаг “Global Gender Gap Index” тайланд хүйсийн эрх тэгш байдлаар Япон улс 148 улсаас 118 дугаарт үнэлэгдэж байна.
Токио хотод байрладаг парламентын ордон нь тус улсад эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх баталгаажихаас өмнө баригдсан гэдэг.
Тиймээс үндсэндээ эрэгтэйчүүдэд зориулагдсан байгууламж юм.
Тухайлбал парламентын ордны барилгын ажил 1936 онд эхэлж, арван жил орчмын дараа дууссан бол 1945 онд эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болж, жилийн дараа анхны эмэгтэй хууль тогтоогч сонгогдож байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!