Уншиж байна ...

Кремлийн эсрэг байлдаж буй Оросын сайн дурынхны командлагчийн хуурамч үхлийг зохион байгуулснаа Украины тал мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Кремлийн эсрэг Украины талд тулалдаж буй Оросын сайн дурын корпусын командлагчийн хуурамч үхлийг зохион байгуулснаа Украины цэргийн тагнуулын алба өчигдөр мэдэгджээ.

Энэ нь түүний амийг хөнөөх гэсэн Оросын тусгай албадын нууц ажиллагааг төөрөлдүүлэх зорилготой байсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Оросын сайн дурын корпусын командлагч Денис Капустин фронтын шугам дээр алагдсан тухай мэдээ тарсан юм.

Гэтэл өчигдөр Украины цэргийн тагнуулын албаны дарга Кирилл Буданов түүнтэй видео холбоогоор уулзаж, “амьдралаа дахин эхлүүлсэнд” нь баяр хүргэж буйг харуулсан дүрс бичлэгийг цацжээ.

Украины талын мэдээлснээр Оросын тусгай албад Денис Капустиний амийг хөнөөх даалгавар авч, үүнд хагас сая доллар зарцуулахаар төсөвлөөд байсан гэнэ.

“Иж бүрэн нууц ажиллагааны үр дүнд Капустиний амийг аварч, Оросын тусгай албадын хүрээн дэх зохион байгуулагчид, тэдний гар хөлүүдийг олж тогтоож чадлаа” гэж Украины цэргийн тагнуулын алба мэдэгджээ.

Капустин өмнө нь үндсэрхэг үзэлтнүүд, хөлбөмбөгийн танхайчуудтай нэр холбогдож байсан, холимог тулааны тэмцээн зохион байгуулж, White Rex нэртэй хувцасны брэнд ажиллуулдаг байсан хүн гэгддэг.

Зарим хамтрагчид нь түүний Нео Нацист үзлийг хүлээн зөвшөөрч байжээ. Оросын эрх баригчид түүнийг албан ёсоор террорист гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP