Уншиж байна ...

Дональд Трамп гарын хөхрөлт нь аспиринаас болсныг тайлбарлаж, хурлын үеэр зүүрмэглэснээ үгүйсгэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны эхний өдөр “The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эрүүл мэндтэй холбоотой сэдвийг хөнджээ.

АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох нь тодорхой болсон 79 настай Трамп өөрийн эрүүл мэндийг “төгс” гэж үнэлээд үүнд эргэлзсэн яриа гарсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш Трампын эрүүл мэндтэй холбоотой асуудал илүү нухацтай яригдах болсон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуранд түүний баруун гар байнга хөхрөлттэй харагддаг болсон бөгөөд үүнийгээ нуухын тулд заримдаа зузаан будах, заримдаа наалт хэрэглэх зэрэг арга хэмжээ авсан харагддаг. Мөн түүний хөлийн шагай нэлээд хавдсан байдалтай харагддаг болоод байгаа.

зураг
 

Арваннэгдүгээр сард Цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр тэр үе үе зүүрмэглэж, нүдээ нээж чадахгүй байсан юм. Өмнөх ерөнхийлөгч Жо Байденыг “нойрмог” хэмээн тохуурхдаг байсан түүний хувьд энэ эмзэг асуудал болж байв.

Байден жилийн өмнө албан тушаалаасаа буухдаа 82 настай байсан бол Трамп бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахдаа үүнийг давахаар байгаа.

Ярилцлагадаа Трамп гарын хөхрөлтөө цус шингэлэхийн тулд өдөр бүр аспирин уудагтай холбон тайлбарлажээ.

“Миний зүрхээр өтгөн цус урсахыг би хүсэхгүй байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

зураг
 

Үүнийгээ нуухын тулд зузаан будах, наалт хэрэглэх зэрэг арга хэрэглэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

Нэг удаа ерөнхий прокурор Пэм Бонди түүнтэй алга хавсран мэндлэхдээ бөгжөөрөө цохисноос болоод хөхрөлт нь нэмэгдэж байсныг Трамп жишээ болгон ярьжээ.

Тэр бас аравдугаар сард MRI (Magnetic Resonance Imaging) шинжилгээнд орсноо хүлээн зөвшөөрсөн ч “тэд миний юуг шинжилснийг мэдэхгүй байна” гэж тухайн үедээ тайлбарлаж байсан юм.

Харин сая ярихдаа Трамп үүнийг MRI байгаагүй, “үүнээс жижиг, энгийн сканнерын шинжилгээ байсан” гэж өмнөхөөсөө өөрөөр тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл CAT буюу компьютер томографын шинжилгээ байсан гэнэ.

Трамп бас хурлын үеэр нойрмоглож байснаа үгүйсгэж, “би хэзээ ч тийм их нойрмог хүн байгаагүй. Би зүгээр л нүдээ аньдаг. Ингэх нь надад тайвшрал авчирдаг юм. Заримдаа хэвлэлийнхэн миний энэ үеийн зургийг авсан харагддаг” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP