Энэ долоо хоногийн Даваа гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хийсэн мэдэгдэлдээ Украины нисгэгчгүй онгоцнууд ерөнхийлөгч Путиний өргөөнд халдсаныг зарлаж байв.
Тэгвэл АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) ийм халдлага болоогүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Лхагва гарагийн орой Америкийн Уолл Стриит Журнал зэрэг хэд хэдэн том хэвлэл Вашингтоны албаны эх сурвалжаас уламжлан ийм дүгнэлт гарсан талаар мэдээлсэн байна.
Эхэндээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм халдлага үйлдсэнд Украиныг буруутгасан мэдэгдэл хийж байсан юм.
Харин Киевийн эрх баригчид үүнийг эрс няцааж, Оросын тал “дараагийн үйлдлээ зөвтгөх зорилгоор зохиомол халдлагын талаар ярьж байна” хэмээн тайлбарлаж байлаа.
Лхагва гарагт Оросын эрх баригчид ийм халдлага болсон гэх баримтыг анх удаа танилцуулахдаа Украины унасан дроны гэрэл зургийг үзүүлж байв.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр Украины дронууд Путиний өргөө байрладаг бүс нутагт халдсан нь үнэн боловч уг өргөөнөөс хол зайд оршдог цэргийн байгууламжийг онилж байсан гэнэ.
Үүнийг CIA-ийн мэргэжилтнүүд шинжилж баталсан юм байна.
Лхагва гарагт ерөнхийлөгч Трамп энэ тайланг CIA-ийн захирал Жон Рэтклиффээс хүлээж авсныг эх сурвалж мэдээлжээ.
Тухайн өдөр Оросын талыг шүүмжилсэн утгатай “New York Post” сонины нийтлэлийг Трамп сошиал хуудсандаа хуваалцсанаас харвал түүний байр суурь өөрчлөгдсөн бололтой.
Уг нийтлэлд Украины дайныг зогсоож, энх тайван тогтоох замд тулгарч буй гол саад тотгор Путин болохыг бичиж, түүнийг хатуу шүүмжилсэн байжээ.
“Путинийг чиглэсэн аливаа халдлага үндэслэлтэй юм. Түүний матрын нулимсанд хуурталгүй, хариуг нь өгөх хэрэгтэй. Хариулт нь буулт хийх биш, харин илүү хатуу цохилт байх ёстой. Киев өөрийн үүргийг биелүүлсэн. Одоо Путинд илүү хатуу хориг арга хэмжээ авах, Украинд илүү хүчтэй зэвсэг нийлүүлэх замаар хариуцлага тооцох хэрэгтэй” гэж уг нийтлэлд бичсэн байв.
Халдлагад өртсөн гэгдэж буй Путиний өргөө нь Москва, Санкт Петербург хотуудын дунд орших Новгород мужид байрладаг.
Валдайн ордон гэгддэг уг байгууламжид Путин амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг гэсэн мэдээлэл бий.
Лавровын мэдэгдлийн дараа Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков өмнөх өдөр нь Путин утсаар Трамптай ярихдаа энэ тухай мэдээлснийг баталж байв.
Уг халдлагын улмаас Оросын тал Украинд энх тайван тогтоох яриа хэлэлцээнд баримтлах байр сууриа эргэн харахад хүрсэн тухай Ушаков тухайн үед хэлж байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!