Саудын Араб улс 2025 онд 356 хүнийг цаазалсан нь тус улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчид хар тамхины эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн нь ингэж өсөх шалтгаан болсон гэж судлаачид үзэж байна.
Дээрх хүмүүсийн 243 нь хар тамхитай холбоотой хэргээр цаазын ял авчээ.
2024 онд Саудын Араб улсад 338 хүн цаазалсан нь өмнөх түүхэн дээд үзүүлэлт байсан юм.
Берлинд төвтэй Европ дахь Саудын Хүний Эрхийн Байгууллага 2025 он нь анх удаагаа Саудын Араб өөрийн иргэдээсээ олон гадаадын иргэдийг цаазалсан жил болсныг онцолжээ.
Тус улс хар тамхитай холбоотой цаазын ялыг гурван жил түдгэлзүүлсний эцэст 2022 оны сүүлээр сэргээсэн юм.
Арабын ертөнцийн хамгийн том эдийн засагтай улс Саудын Араб нь бас Каптагон нэртэй мансууруулах бодисын хамгийн том зах зээлүүдийн нэг.
Башар аль-Ассадын дэглэмийн үед Сири улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн каптагон байсныг НҮБ баталдаг. Ассадын дэглэм 2024 оны арванхоёрдугаар сард нуран унасан юм.
Шашны хуучинсаг ёс уламжлалтай Саудын Араб улс угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдлага дор нийгмийн шинэчлэлийг нэвтрүүлж, эрчимтэй өөрчлөгдөж байгаа.
Гэхдээ цаазын ял тус улсын нэр хүндийг хамгийн их унагадаг хүчин зүйл хэвээр байна.
Хаант улсын эрх баригчид цаазын ялыг нийгмийн дэг журмыг сахиулахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг бөгөөд давж заалдах бүх арга замыг гүйцээсний дараа хэрэгжүүлдэг гэж тайлбарладаг юм.
Эмнести Интернэйшнл олон улсын хүний эрхийн байгууллага 1990 оноос хойш Саудын Арабын цаазын ялын гүйцэтгэлийг баримтжуулж эхэлсэн байдаг.
Түүнээс өмнөх тоо баримт тун бүрхэг байдаг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!