Уншиж байна ...

Францын киноны домогт жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 31 минут
iKon.MN
Зураг зураг

1950-аад оны үед Францын кино урлагт хувьсгал хийж, сэкс эрх чөлөөний бэлгэдэл болж байсан жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр бараг 50 орчим кинонд дүр бүтээсэн ч 39 насандаа урлагийн замналаа өндөрлүүлж, амьтны сайн сайхны төлөө тэмцэлд үлдсэн амьдралаа зориулсан юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Кинонууд, дуу хоолой, гялалзсан алдар суу, нэрийн эхний үсэг, уй гашуу, амьтдад зориулсан өгөөмөр сэтгэл, Марианны нүүр царай нь Брижит Бардог эрх чөлөөт амьдралын бэлгэ тэмдэг болгосон юм. Тэр бол Францын оршихуй, төгс суу алдар. Тэр бидний сэтгэлд үүрд үлдэнэ. Бид энэ зууны домог болсон хүний хойноос эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэлдээ бичжээ.

Мариана бол Францын хувьсгалын бэлэг тэмдэг болсон эмэгтэй дүр бөгөөд 1970-аад оны үед Бардо энэ дүрийн загвар болж байсан юм.

Брижит Анн-Мари Бардо нь 1934 онд Парис хотын баян чинээлэг гэр бүлд мэндэлж байв.

Эцэг эх нь түүнийг балетын бүжигчин болгохыг хүсдэг байсан ч өсвөр насандаа “Elle” сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсны дараа алдаршиж, кино урлагийн ертөнцөд хөл тавих урилга авч байжээ.

Тэрбээр 1956 онд тухайн үед нөхөр нь байсан найруулагч Рожер Вадимын “Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн юм” нэртэй кинонд бэлгийн задгай амьдралтай бүсгүйн дүрийг бүтээж байв.

Энэ кино маш их дуулиан тарьж, АНУ-ын зарим мужуудад гаргахыг хориглосон бол Францын философич Симон де Бовуар “эрх чөлөөний үнэмлэхүй бэлгэдэл” хэмээн магтаж байжээ.

Кино урлагаас гадна Бардогийн хувцас өмсгөл, нүүр будалт, үсний засалт тухайн үедээ дэлхийн загварын чиг хандлагыг тогтоож байсан юм.

Амьдралынхаа турш дөрвөн удаа гэрлэхдээ Бардо кино найруулагч Жак Шарьераас нэг хүүтэй болж байжээ.

зураг
 

Сэкс бэлгэдлийн хэт алдар цуунаасаа залхсан Бардо уран бүтээлийн оргил үедээ буюу 39 насандаа кино урлагаас зодог тайлж, үлдсэн амьдралаа амьтдын сайн сайхны төлөө зориулсан юм.

“Би залуу нас, гоо үзэсгэлэнгээ эрчүүдэд, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа амьтдад өгсөн юм” гэж тэр нэг удаа хэлж байв.

1986 онд Бардо зэрлэг болон тэжээвэр амьтдыг хамгаалах “Brigitte Bardot Foundation” сангаа үүсгэн байгуулжээ. Тэрбээр бас цагаан хоолтон болсон юм.

Гэхдээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд Бардо исламын шашин, ижил хүйстнүүд, #MeToo хөдөлгөөний талаар илэрхийлсэн маргаантай байр суурийнхаа төлөө нэлээд шүүмжлүүлж, нэр хүндээ унагаж байв.

1990-ээд оны сүүл үеэс хойш тэр муслимуудын тухай хэд хэдэн удаа сөрөг агуулгатай зүйл хэвлэлд ярьсны улмаас арьс өнгөөр ялгаварлах үзлийг сурталчилсан шалтгаанаар олон удаа шийтгүүлжээ.

Тухайлбал 2008 онд Бардо өөрийн вэбсайтад муслимуудыг “өөрсдийн зан заншлыг тулгаж, манай улсыг сүйтгэж байна” гэж бичээд 15,000 еврогоор торгуулж байв.

2003 онд хэвлүүлсэн “Чимээгүйн дундах хашхираан” номдоо тэр ижил хүйстнүүд, орчин үеийн урлаг, улс төр, цагаачлалын асуудлаар хурц үзэл бодол илэрхийлээд нэлээд шүүмжлүүлж байжээ.

2018 онд Paris Match сэтгүүлд ярихдаа Бардо бэлгийн дарамтыг эсэргүүцэх #MeToo хөдөлгөөнийг “хоёр нүүртэй, инээдтэй зүйл” гэж шүүмжлээд “дүр авахын тулд найруулагчидтай сээтгэнэдэг олон жүжигчин байдаг” хэмээн хэлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC