Чили улсын төрийн өмчит, дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компани Коделко, хувийн хэвшлийн SQM компани хамтран лити олборлолтын томоохон аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж байгаагаа Бямба гарагт зарлажээ.
Лити бол цахилгаан автомашины батарейн гол түүхий эд болдог хөнгөн металл юм.
Өмнөд Америк тивийн Чили улсад дэлхийн литийн нөөцийн 40 орчим хувь байдаг бөгөөд уг металлын үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Шинээр байгуулагдсан компани нь Чилийн хойд хязгаарын Атакамын цөлийн давсаар баялаг бүс нутагт олборлолт явуулах юм.
Хамтарсан компанийг “Nova Andino Litio SpA” гэж нэрлэхээр болсон байна. Коделко мэдэгдэлдээ уг хамтын ажиллагааг “Чилийн бизнесийн түүхэнд хамгийн том хэлцлүүдийн нэг” гэж тодорхойлжээ.
Хятадын Сичуань мужийн Чэндү хотод төвтэй Tianqi компани SQM-ийн 22 хувийг эзэмшдэг юм байна.
Шинэ компани нь 2060 он хүртэл литийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлт, худалдааны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг энэ сарын эхээр Чилийн засгийн газраас авсан гэнэ.
Гэрээг эцэслэн батлахын тулд Хятад, Бразил, Саудын Араб, Европын Холбоо зэрэг дэлхийн 20 гаруй улсын зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг авсан байна.
Чили улс литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр сууриа арав орчим жилийн өмнө Австралид алдаж байжээ.
Бизнесийн шинэ хамтрал жилийн олборлолтын хэмжээг 300,000 орчим тонноор нэмэгдүүлснээр Чилид тэргүүлэх байр суурийг нь буцааж авчрах зорилготой юм байна.
2022 онд тус улс 243,100 тонн лити үйлдвэрлэж байжээ.
Чилийн зүүнтний засгийн газрын тэргүүн Габриэл Борич 2023 онд “Үндэсний Литийн Стратеги” бодлого зарласан нь тус улсын алдсан байр суурийг сэргээх зорилготой байв.
Коделкогийн эх сурвалжийн мэдээлснээр Чилийн засгийн газар 2025-2030 онуудад шинэ олборлолтын үйл ажиллагааны ашгийн 70 хувийг, 2031 оноос эхлэн 85 хувийг авах гэнэ.
Литийн салбар 2024 онд Чилийн экспортын гурав орчим хувийг бүрдүүлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!