Уншиж байна ...

Японы хурдны зам дээр 50 автомашин мөргөлдсөн осол гарсны улмаас хоёр хүний амь үрэгдэж, 26 хүн бэртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсын төв хэсгийн хурдны зам дээр 50 орчим автомашин мөргөлдсөн томоохон осол гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, 26 хүн бэртсэн тухай цагдаагийн албаныхан Бямба гарагт мэдээлжээ.

Эхлээд ачааны хоёр автомашин хоорондоо мөргөлдөхөд ар араас нь мөргөсөн цуврал осол үүссэн байна. Үүний улмаас 10 тээврийн хэрэгсэл шатсаныг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Токио хотын оршин суугч 77 настай эмэгтэй ослын газарт нас барсан бол шатсан автомашины суудал дээрээс бас нэг цогцос олдсон байна.

Уг ослын улмаас таван хүн хүнд, 21 хүн хөнгөн бэртжээ.

Осол гарсан бүс нутагт өчигдөр их хэмжээний цас орохыг мэргэжилтнүүд урьдчилан анхааруулж байсан юм.

Тиймээс зам дээр тогтсон мөс ослын шалтгаан болсон гэж цагдаа нар үзэж байна.

Осол нийслэл Токиогоос баруун хойд зүгт 160 км зайд, Гүнма мужийн Минакамигийн ойролцоох Кан-эцү хурдны зам дээр Баасан гарагийн орой гарчээ.

Зам дээр гарсан галыг унтраахад долоон цаг, хагас орчим хугацаа зарцуулсан байна.

Одоогоор замын хэсгийг хааж, шатаж, гэмтсэн автомашинуудыг зайлуулах үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Ослын улмаас хохирсон 50 орчим хүн ойролцоох замын төлбөр хураах байранд шөнийг өнгөрүүлжээ.

 

Эх сурвалж: BBC