Уншиж байна ...

Оросын агаарын цохилт Киев хотын орон сууцнуудын 40 хувийн халаалтыг тасалдуулав

Т.Давааням, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Оросын арми Украины нийслэл Киев хотын чиглэлд томоохон агаарын довтолгоо явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан байна.

Арван цаг орчим хугацаанд үргэлжилсэн пуужин, дрон хосолсон цохилтын үеэр хоёр хүн амиа алдаж, 32 хүн шархадсан талаар хотын удирдлага мэдээлжээ.

Эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн цохилт Киев хот болон түүний ойр орчмын дүүргүүдийн орон сууцны барилгуудын 40 хувийг халаалтгүй болгосныг Украины хөгжлийн сайд Алексей Кулеба мэдээлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам уг ажиллагаагаа “Украины зэвсэгт хүчин болон Украины цэргийн аж үйлдвэрүүдийн ашиг сонирхолд үйлчилдэг эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн” гэж тайлбарлажээ.

Флоридад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар явах замдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдрийн агаарын цохилтод Оросын тал 500 орчим дрон, 40 пуужин ашигласныг Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрбээр өнөөдөр буюу Ням гарагт 20 зүйлт энхийн төлөвлөгөөний зарим асуудлын талаар Трамптай хэлэлцэх юм.

“Оросын төлөөлөгчид урт удаан яриа хэлэлцээ явуулж буй хэдий ч бодит байдал дээр тэдний өмнөөс Чинжал пуужин, Шахед дрон ярьж байна. Ийм гажиг үйлдэлд үнэхээр хатуу арга хэмжээгээр хариулах ёстой. Америкт ийм боломж бий, Европт ийм боломж бий, манай олон холбоотонд ийм боломж бий” гэж Зеленский мэдэгджээ.

зураг
 

Украинтай 530 км урт зурвасаар хил залгадаг Польш улс өчигдрийн халдлагын үеэр агаарын довтолгооноос хамгаалах системээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна.

Гэхдээ тус улсын агаарын орон зайд ямар нэг зөрчил илрээгүйг сүүлд мэдэгджээ.

Үүнээс гадна Бямба гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын хэд хэдэн бүс нутагт Украины 200 орчим нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдээлсэн байна. Эдгээрийн наймыг Москва орчимд унагасан гэнэ.

Флорида нисэх замдаа Зеленский өчигдөр Канадын ерөнхий сайд Марк Карнитай уулзахын тулд богино хугацаагаар саатсан юм.

Нова Скотиад үг хэлэхдээ тэр сүүлийн бөмбөгдөлтийг “Манай энх тайвны хүчин чармайлтад Оросын өгч буй хариу, Путин энх тайван тогтоохыг хүсэхгүй байгаагийн илрэл” гэж дүгнэсэн байна.

Энэ үеэр Канадын засгийн газар Украинд 2.5 тэрбум канад долларын ($1.83 тэрбум) дүнтэй эдийн засгийн тусламж үзүүлэх болсныг Карни зарлажээ.

Дараа нь Зеленский АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх уулзалтынхаа өмнө дипломат “тэргүүлэх чиглэлүүд”-ийн талаар Европын удирдагчидтай утсаар ярьсан байна.

Тэрбээр дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг дуусгах 20 зүйлт төлөвлөгөөний төслийг танилцуулахаар Флоридаг зорьж байгаа юм.

Трампын тусгай элч Стив Виткоффын боловсруулсан гэгдэж байсан 28 зүйлт төлөвлөгөөг АНУ, Украины төлөөлөгчид засаж сайжруулсны үр дүнд энэ төлөвлөгөө 90 хувьтай бэлэн болоод байгаа гэсэн мэдээлэл бий.

Виткоффын эхний хувилбарыг Оросын талд хэт үйлчилсэн хэмээн Украин, Европын талууд шүүмжилж байв.

Зеленский, Трамп нарын эцэслэн шийдэх гол асуудал нь АНУ-ын үзүүлэх аюулгүй байдлын баталгаа, Украины эзлэгдсэн газар нутгийн статус байх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC