Уншиж байна ...

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак сангийн хөрөнгөтэй холбоотой хэргээр 15 жилийн хорих ял нэмж сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак өчигдөр эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр 15 жилийн хорих ял сонслоо.

Төрийн өмчит баялгийн сангийн олон тэрбумын хэрэгтэй холбоотой Разакын хоёр дахь шүүх хурлаас ийм шийдвэр гарсан байна.

Тэрбээр баялгийн сангийн хөрөнгөтэй холбоотой өөр нэг хэргийн улмаас одоо шоронд ял эдэлж байгаа юм.

Өчигдөр шүүх 72 настай Разакыг тус улсын баялгийн сан 1MDB (Malaysia Development Berhad) байгууллагаас 2.3 тэрбум малайз ринггит ($569 сая) завшсан хэрэгт буруутгажээ.

Баасан гарагийн шийдвэр нь долоон жил үргэлжилж, 76 гэрчийг оролцуулсан шүүх үйл ажиллагааны үр дүн юм.

2022 оноос хойш шоронд хоригдож байгаа Разак ялын үлдсэн хугацаагаа гэрийн хорионд өнгөрүүлэх хүсэлт гаргасныг Даваа гарагт шүүх хэрэгсэхгүй болгосон байна.

Гэсэн хэдий ч Нажиб Разакын улс төрийн нөлөө хэвээр байгаа.

Малайзын засаг захиргааны нийслэл Путражаяа хотод түүний шүүх хурал болж буй байрны гадаа өчигдөр цугларсан олон арван хүн ерөнхий сайд асныг хэлмэгдүүлэхээ зогсоож, суллахыг шаардаж байлаа.

зураг
 

1MDB сангийн дуулиан арван жилийн өмнө илчлэгдэхэд хүрээ нь Малайзаас хальж, Голдмэн Сакс банк, Холливүүд хүрснээр дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв.

Мөрдөн байцаагчид нийтдээ $4.5 тэрбумын хөрөнгө баялгийн сангаас хувь хүмүүсийн халаасанд орсон гэж үздэг. Гэхдээ Нажиб Разак өөрийгөө үүнд буруугүй, зөвлөхөөр нь ажиллаж байсан санхүүч Жо Лоу гэгч худал мэдээллээр хангаж, дундаас нь завшсан гэж мэдүүлдэг юм.

Жо Лоу бас өөрийгөө буруугүй гэдэг бөгөөд одоо болтол баригдалгүй дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байгаа.

Гэсэн хэдий ч Малайзын шүүх мэдүүлгийг үл харгалзан Разакт 2020 онд уг хэрэгтэй холбоотой эхний шийтгэлийг оноож байв.

Тухайн үед Разакыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 42 сая ринггитийг ($10 сая) баялгийн сангаас хувийн дансандаа шилжүүлсэн гэж буруутгаж байжээ.

Үүний төлөө түүнд эхлээд 12 жилийн хорих ял оноосныг өнгөрсөн онд хоёр дахин бууруулж байв.

Харин өчигдөр шүүх илүү том мөнгөний хэрэг буюу 2013 онд сангаас хувийн дансандаа шилжүүлсэн мөнгөний хэрэгт нь ял оноосон юм.

Разакаас гадна түүний гэргий Росма Мансор 2022 онд авлигын хэргээр 10 жилийн хорих ял сонсож байлаа.

Тэрбээр давж заалдах шатны шүүх хурал хүртэл батлан даалтаар гараад байна.

Баялгийн сангийн хэрэг Малайзын улс төрд томоохон эргэлт авчирсан юм. 2018 оны сонгуулиар Малайз улсыг тусгаар тогтнолоо олж авсан 1957 оноос хойш тасралтгүй захирч байсан Нажиб Разакын эрх баригч эвсэл түүхэн ялагдал хүлээж байлаа.

 

Эх сурвалж: BBC