Уншиж байна ...

Ням гарагт Зеленский дайн зогсоох асуудлаар Трамптай уулзана

Т.Давааням, ikon.mn
8 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын эзлэн түрэмгийлэх дайныг зогсоох асуудлаар маргааш буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар болсноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

Флоридад болох энэ уулзалтаар АНУ-ын санаачилсан 20 зүйлт энхийн төлөвлөгөө болон АНУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг голлон хэлэлцэх тухай тэр мэдээлсэн байна.

Донбассын бүс нутагт цэрэг зэвсэггүй, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санаа сүүлийн үед идэвхтэй яригдаж байгаа.

Энэ бүс нутгийн дөрөвний нэг орчим нь Украины, үлдсэн хэсэг нь Оросын хяналтад байгаа юм.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленский 20 зүйлт төлөвлөгөөний 90 хувь бэлэн болсныг дуулгажээ.

“Бидний зорилго үүнийг 100 хувь бэлэн болгох” гэж тэр хэлсэн юм.

Сүүлд тэр сошиал хуудсандаа “Бид нэг ч өдрийг алдмааргүй байна. Бид ойрын үед ерөнхийлөгч Трамптай хамгийн дээд түвшинд уулзахаар тохиролцсон. Шинэ он гарахаас өмнө олон зүйлийг шийдэж болно” гэж бичжээ.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков сүүлийн үеийн үйл явдлуудыг эергээр харж байгаагаа мэдэгдсэн ч АНУ-ын хүчин чармайлтад саад учруулахыг оролдож буй Украиныг шүүмжилсэн байна.

“Хэрвээ бид шийдэлд хүрч чадвал 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр бидний ой санамжид түүхэн чухал үйл явдал болон үлдэнэ гэж би бодож байна. Гэхдээ эцсийн алхмыг хийж, тохиролцоонд хүрч чадах эсэх нь бидний ажил болон нөгөө талын улс төрийн хүсэл зоригоос хамаарна” гэж тэр өчигдөр Оросын төв телевизээр ярихдаа хэлжээ.

Энэ оны хоёрдугаар сард Цагаан ордонд ширүүн маргалдсанаасаа хойш Зеленский хэд хэдэн удаа Трамптай уулзаад байна.

Тэдний аравдугаар сард болсон сүүлийн уулзалт илүү найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн.

Зул сарын баярын өдөр Зеленский АНУ-ын гол хэлэлцээрчид болох тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нартай нэг цагийн турш утсаар ярьсан байна.

Яриа маш сайхан болж, дайныг дуусгах “шинэ санаанууд” гарсан тухай Зеленский сүүлд мэдээлж байв.

 

Эх сурвалж: BBC