Дорнод Африкийн Сомали улсаас салан тусгаарласан Сомалиланд улсыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс Израиль болжээ.
Өчигдөр буюу Баасан гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үүнийг албан ёсоор мэдэгдээд Сомалиландын ерөнхийлөгч Абдирахман Мохамед Абдуллахид баяр хүргэж, эх орондоо айлчлахыг урьсан байна.
Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, технологи, эдийн засгийн салбарт Сомалиландтай нэн даруй хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хариуд нь Сомалиландын ерөнхийлөгч Абдуллахи тус улс Абрахамын Гэрээнд нэгдэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэж, үүнийг бүс нутаг, дэлхий дахинд энх тайван тогтоох алхам гэж нэрлэсэн байна.
Абрахамын Гэрээ нь 2020 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан бичиг баримт бөгөөд Израиль улсыг Арабын болон Муслимын орнуудтай хэвийн харилцаатай болгох зорилготой юм.
Одоогоор уг гэрээнд Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг цөөн улс нэгдэж, Израильтай дипломат харилцаа тогтоогоод байгаа.
Үүнтэй зэрэгцэн Египет улсын гадаад хэргийн сайд Бадр Абделлатти өчигдөр Сомали, Турк, Жибути улсуудын гадаад хэргийн сайд нартай дорнод Африкт өрнөж буй “аюултай үйл явдал”-ын талаар хэлэлцсэнээ мэдээлжээ.
Сайд нар Израиль улс Сомалиландыг хүлээн зөвшөөрснийг буруушааж, Сомалийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа дахин нотолцгоосон байна.
Мөн салан тусгаарласан бүс нутгийг хүлээн зөвшөөрөх нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болохыг анхааруулжээ.
Сомали улсад 1991 онд иргэний дайн эхлэхэд тус улсын хойд хязгаарын Сомалиланд муж бие дааж, харьцангуй тайван, тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн юм.
Гэхдээ өнөөдрийг хүртэл дэлхийн аль ч улс энэ шинэ улсыг хүлээн зөвшөөрөөгүй байв.
Олон жилийн турш Сомали улс Сомалиландыг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхгүйн төлөө тэмцэж ирсэн юм.
Хуучин Их Британийн хяналтад байсан нутаг болох Сомалиландын эрх баригчид Израильтай дипломат харилцаа тогтоовол бусад улс орнууд ижил алхам хийхэд түлхэц болно гэж найдаж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!