Уншиж байна ...

Х.Хэрлэн: “УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагаа хэзээ ч, ямар ч үед гүйцэтгэсээр ирсэн

ikon.mn
2 цаг 46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд өмнөх оныхоо ачаа тээврийн түүхэн дээд амжилтыг ахиулж шинэ дээд амжилт тогтоогоод байна. Шинэ оны босгон дээр  “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

 -УБТЗ-ын тээврийн орлогод экспортын тээвэр жин дардаг. Оны эхний хагаст экспортод гарч буй уул уурхайн түүхий эдийн тээвэр багассантай холбоотой төлөвлөгөөт үзүүлэлтүүд буурсан харагдаж байсан ч төмөр замчид энэ оны сүүлийн хагаст маш сайн ажиллаж, өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулж чадлаа. Энэ бүхэн хүндрэлийн үед тээвэр зохион байгуулалтын менежментийг зөв зохион байгуулсантай холбоотой гэж ойлгож болох уу?     

 -Таны хэлдэг зөв. 2025 он дэлхийн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсэн, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлийн үнэ ханш буурсан, томоохон сорилттой жил байлаа. Ялангуяа, манай улсын уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор оны эхний хагаст манай ачилт буурч тээврийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж, тээврийн төлөвлөгөө 941 мянган тонноор тасарсан. Мэдээж, энэ хэрээр орлогын төлөвлөгөө ч тасалдсан.

Хэдийгээр биднээс үл шалтгаалах нөхцөлөөр буюу гадаад нөхцөл байдал хүндрэлтэй байсан  ч гэлээ удирдлагын түвшинд оновчтой бодлого барьж, төмөр замчид хамтаараа хичээн ажилласны үр дүнд сүүлийн хагас жилд алдагдлаа нөхөж, “УБТЗ” ХНН 2025 онд 33.5 сая тонн ачаа тээвэрлэсэн түүхэн шинэ дээд амжилтаар шинэ оноо угтаж байна. Энэ бас л таны хэлсэнчлэн түүхэн дээд амжилт тогтоосон 2024 оны үзүүлэлтээс давж байгаа юм.  

 -Та тээвэр зохион байгуулалтын хувьд оновчтой бодлого хэрэгжүүлсний хүчинд тээврийн үзүүлэлтийг давуулж чадлаа гэж дурдлаа. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?   

-Таны асуултад маш товчхон хариулахад энэ онд дамжин өнгөрөх болон төмрийн хүдэр, жонш, цайр зэрэг экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж чадсанаар УБТЗ дээр дурдсан ачааг тээвэрлэж, тээврийн орлого өмнөх оны мөн үеэсээ 15 хувиар өссөн.

Энэ онд зөвхөн дамжин өнгөрөх тээвэр л гэхэд 3800 галт тэрэгт хүрч өнгөрсөн оноос 20,9 хувиар өсжээ. Хэрэв та санаж байгаа бол бид 2025 онд УБТЗ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч хэд хэдэн томоохон хурал, зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулсан. Нэгдүгээрт, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох олон улсын зөвлөгөөн. Энэ бол шууд утгаараа манай улсаар дайран өнгөрөх ачаа, экспорт, импорт гээд бүр нарийвчлаад ачааных нь төрлөөр тохирох хурал гэсэн үг. Хоёрдугаарт нь, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, хөрш орнуудын хил дамнасан төмөр замуудын тээвэр зохион байгуулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн.

Эдгээр нь, УБТЗ-аар хийгдэж буй манай улсын гадаад худалдааны ачааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан. Дээрх хурал, зөвлөгөөнөөс УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг өсгөхөөр зөвшилцөж чадсан нь манай гол зам бүс нутгийнхаа тээвэр логистик, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж, мөн тэр хэрээр Монгол Улсад орох валютын сувгийг нэмсэн арга хэмжээ болсон.  

-УБТЗ 2025 оны “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм байна. Миний бодлоор хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих суурь нөхцөл бол цалин, урамшуулал. Тэгэхээр тээвэр зохион байгуулалтын оновчтой шийдлээр тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлж, ашиг, орлогыг нэмэгдүүлж чадсан нь ажилчдынхаа үндсэн цалинг нэмэх боломжийг бүрдүүлжээ дээ?

-Тиймээ, “УБТЗ” ХНН 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, цогц бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлогын хүрээнд 2025 оны 9-р сарын 1-ээс 16 мянган төмөр замчныхаа үндсэн цалинг дунджаар 12.3 хувиар нэмэгдүүллээ.

Мөн “УБТЗ” ХНН-ийн 2025 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө давж биелсэн тул нийт ажилтнуудаа урамшуулж, жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болсон. Хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн тодорхой хүндрэлүүд байсан ч гэлээ Нийгэмлэгийн удирдлагын зүгээс төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах бодлогыг хамгийн чухлаар авч үзэн, нэгдүгээрт эрэмбэлсэн юм. Хаана ч ажилтан хүн гэдэг бол байгууллагын үнэт баялаг байдагтай адил бид ч ажилтнаа анхаарч, хөгжүүлж, ажлын байрны таатай нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэж үздэг.

“УБТЗ” ХНН 2025 оны зорилтынхоо хүрээнд үндсэн цалинг нэмэгдүүлэхээс гадна ажилтнуудаа дэмжиж урамшуулсан олон талын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсэн, цаашид үүнийгээ үргэлжлүүлэн ажиллах болно.

Бид 2025 онд “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд 4246 ажилтанд 5 тэрбум 215 сая төгрөгийн говийн нэмэгдэл, 1900 замчинд 6 тэрбум 605 сая төгрөгийн зам арчлалтын нэмэгдэл, хүүхдээ асрах чөлөө авсан 2622 төмөр замчин ээжид 1 тэрбум 423 сая төгрөгийн тэтгэмж, зээлээр орон сууц анх удаа худалдан авсан 70 ажилтанд тус бүр 6 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус олголоо.

Мөн  “УБТЗ” ХНН-т тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналаар 2340 ажилтныг шагнаж, 5 тэрбум 224 сая төгрөгийг олгосон байна. Ингээд харахаар энэ бүхэн бидний үндсэн үйлдвэрлэл болох тээврийн үр ашгийг нэмэгдүүлж, оновчтой бодлого явуулсны үр дүнд орж ирсэн тээврийн орлогын өсөлттэй шууд холбоотой.

-УБТЗ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн жин дарах ачаа тээврийг тарифын хувьд алдагдалтай тээвэрлэдэг шүү дээ. Энэ дээр та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Та их чухал асуудлыг хөндлөө. Тарифтай холбоотой асуудал манайд их эмзэг сэдэв. Манайд ч гэлтгүй хаана чиг л ийм л дээ. Дээр дурдсанчлан ажилчдынхаа нийгмийн баталгаа болсон цалин мөнгийг нэмэхээс гадна энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, өргөтгөж шинэчлэх, хөгжүүлэх асуудал бол яах аргагүй хөрөнгө оруулалт буюу хөрөнгийн эх үүсвэртэй шууд холбоотой. Нэг талд нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдмээр байдаг, нөгөө талд нь байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөгжүүлэх, хөрөнгө оруулалтай хийх шаардлагатай байдаг.

Энэ бол яах аргагүй нэг зоосны хоёр тал. Гэтэл бидэнд үүнийг шийдэх ганц л арга байдаг нь тээвэрлэлтийн тарифаа нэмэх. Харамсалтай нь, бидэнд үүнийг дангаар шийдэх ямар ч боломж байхгүй бөгөөд тарифыг хатуу барьсны үр дүнд ямар ч техникийн шинэчлэл хийх боломжгүй болгосон. Өнөөдөр эрчим хүчний салбар ямар байдалтай байгаа билээ. Яг л үүний араас төмөр зам орсон. Би энд ямар нэг байдлаар өөрийгөө дөвийлгөх гэсэнгүй. УБТЗ-д ирсэн даруйдаа би хэд хэдэн удаа алдагдалтай тээврийн тарифыг өртгөө хаах хэмжээнд хүргэж, зардлыг бууруулж чадсан. Намайг 2022 онд томилогдож ирэхэд УБТЗ-ын тээвэрлэдэг 21 төрлийн ачааны 3-аас бусад ачаа алдагдалтай байсан бол өнөөдөр 2 төрлийн ачаанаас бусад 19 төрлийн ачааг алдагдалгүй тээвэрлэдэг болоод байна.

Ойлгомжтой байлгах үүднээс би зөвхөн 2025 онд хэрэгжүүлсэн тарифын нэмэгдлийг та бүхэндээ танилцуулъя. Өнгөрсөн онд бид орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлтийн тарифыг 15.5 хувиар, мөн бусад 12 бүлгийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 3.9–30 хувиар тус тус индексжүүлснээс гадна дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг маршрутын 12 хувийн хөнгөлөлтийг цуцалж, 20 футийн чингэлэг тээвэрлэхэд олгодог 25 хувийн хөнгөлөлтийг 15 хувь болгож бууруулсны үр дүнд зөвхөн тарифын индексжүүлэлтээс нийт 39,8 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Ташрамд дурдахад, дамжин өнгөрөх тээврийн орлого бол хатуу валютаар тооцогддог, өндөр тарифтай, жин тонн багатай, манайд маш ашигтай тээвэр. Энэ бүхний үр дүнд л цалингийн нэмэгдэл, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгож байна гэхэд болно.

-Хөрөнгө оруулалт гэснээс УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбосон хамгийн дөт коридор төдийгүй Монгол Улсын “Хөгжлийн зам”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгад багтсан тээврийн чухал дэд бүтэц шүү дээ. Энэ гол замыг хөгжүүлэх асуудал бидэнд төдийгүй хөрш хоёр улсын маань хувьд ихээхэн чухал болсон. Бид дотоодоо энэ замаа хөгжүүлэх тал дээр яг ямар ажил хийж байна вэ?

-УБТЗ бол олон улсын хувьд чухал ач холбогдолтой зам гэдэг нь маргаангүй. Тиймдээ ч бид олон улсын чанартай хурал, зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар илэн далангүй ярилцсан. Ялангуяа, манай хоёр хөршийн хооронд хийгдэж буй худалдааны бараа эргэлт эрчимтэй нэмэгдэж, зөвхөн Алс Дорнод гэлтгүй манай гол замаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдсээр байгаа билээ. Бид үүнд бэлтгэлтэй байж, гол замын хөгжлийн урт хугацааны бодлого, чиглэлийг гаргаад байгаа шүү дээ. Бидний төлөвлөснөөр УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ 2030 он гэхэд 50, 2050 он гэхэд 90 сая тоннд хүрнэ.

Тэгэхээр тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа үүнд хүргэхийн тулд замын хөгжлийг үе шаттай хэрэгжүүлэх асуудал нэн чухал. 2025 онд манай хамт олон замын суурь бүтцийн аюулгүй, найдвартай байдалд анхаарч Олон овоо-Айраг өртөө хоорондын 34.6 км замд их засварын ажил хийж, гол замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Мөн үүнээс гадна Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замыг барьж эхэлсэнтэй холбогдуулан Багахангай өртөөний замыг сунгаж, 6 суман шилжүүлэг тавьсан. Замын-Үүд өртөөний 2-р замын хуучин үеийг хуулж, төмөр бетон дэртэй шинэ үе тавьж дуусгаснаас гадна Улаанбаатар-1 өртөөний суман шилжүүлгүүдийг Р65 зам төмөртэй бетон ялуу болгож шинэчиллээ.

Төмөр замын суурь бүтцийг үер уснаас хамгаалах зорилгоор эрсдэл өндөртэй газруудад 11 ус өнгөрүүлэх хоолой барьсны хүчинд 2025 онд бороо хур ихтэй зун байсан ч зам угаагдаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл гараагүй юм.

-“УБТЗ” ХНН бол хэзээнээсээ л “Вант улс” гэх тодотголтой. Үүнийг би нийгмийн маш олон салбарыг дэргэдээ авч явдаг учраас ийн ярьдаг гэж ойлгодог. Өнгөрсөн 2025 онд нийгмийн салбаруудад төмөр замчид руугаа чиглэсэн ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн бэ?

-2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласны гол зорилго юу байсан юм бэ гэвэл, манай байгууллагын хамгийн үнэтэй капитал болох ажилтнуудаа ур чадвар, мэдлэгийн хувьд шинэ шатанд гаргах, тэдний нийгмийн баталгааг бэхжүүлэх, улмаар байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн шийдвэр  байсан юм. Тодруулбал, ажилтан бүрийн хөгжлийн замналын бодлогыг төлөвлөж, илүү системтэй сургалт, чадавхжуулах эко систем бий болгох, залгамж халааг бэлтгэх, манлайллыг төлөвшүүлэх бодлогыг шат дараатай хэрэгжүүлэх, ажиллах орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн соёлыг шинэ түвшинд гаргах, мөн нийгмийн баталгааны суурь болсон “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн иж бүрэн бодлогоор ажилтнуудын тогтвортой байдлыг хангах зорилт тавьсан.

Энэ бүхэн нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангахад бус, ирэх 10–20 жилийн турш УБТЗ-ын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь байсаар ирсэн хүний нөөцийн чанарыг тогтвортой хадгалах, сайжруулахад чиглэж байгаа юм. Яг юу хийв ээ гэж та асууж байна. Маш товчхон хоёрхон жишээгээр хариулъя. “УБТЗ” ХНН-ийн 16 мянган ажилтны 39.6 хувь нь эмэгтэй ажилтнууд.

Замын захиргаанаас эдгээр эмэгтэй ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор Эмэгтэйчүүдийн сувиллыг энэ онд шинээр нээж, ашиглалтад орууллаа. Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийсэн энэ ажил нь төмөр замчин эмэгтэйчүүдийн талархлыг хүлээгээд байгаа томоохон ажлын нэг. Хоёрдугаарт, “УБТЗ” ХНН  Хүүхдийн секторын  27 цэцэрлэгээрээ дамжуулан жил бүр 4000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, боловсролын салбарыг ачааллыг хуваалцан, нийгмийн хариуцлага хүлээж ирсэн юм.

Тэгвэл 2025 онд тус нийгэмлэг дахин 200 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулсныг энд хэлэх хэрэгтэй байх. “УБТЗ” ХНН-ийн зүгээс ажилчдадаа зориулсан сувилал, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулснаар зөвхөн байгууллагын ажилтнуудын нийгмийн хэрэгцээг хангаад зогсохгүй, хотын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна. Үүнд, бие даасан эрүүл мэндийн үйлчилгээтэй болсноор улсын эмнэлгүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр багасна. Шинэ цэцэрлэг нь нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хэт төвлөрлийг сааруулж, хүүхдүүдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, “УБТЗ” ХНН нийгмийн халамжийн зарим үүргийг өөр дээрээ авч ажилласнаар төрийн байгууллагуудын дарамтыг хөнгөвчлөхийн зэрэгцээ ажилтнуудынхаа амьдралын чанарыг бодитой сайжруулж байна.

-Ярилцлагын сүүлийн асуулт. Үнэхээр таны ярьж байгаа үнэн. УБТЗ бол улс орны нийгмийн ачааллаас чамгүй их хуваалцаж байна. Үүний тод жишээ бол өнгөрч буй онд “УБТЗ” ХНН-ийг Төрийн өмчит Топ 10 аж ахуйн нэгжүүдийн дөрөвдүгээр байрт шалгаруулсан явдал. Энэ бас чухал үйл явдал шүү?

-Тийм ээ. Манай хамт олон ч үүнд баяртай байгаа. “УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагаа ийнхүү урьдын адил биелүүлж, эрчим хүчний нүүрс, шатахуун түлш зэрэг улс орны амин чухал хэрэгцээт ачаа барааг тасралтгүй, шуурхай, найдвартай тээвэрлэх үүргээ ямар ч үед хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн. Ийм ч учраас манай Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас төрийн өмчит ТОП аж ахуйн нэгжүүдийн 4 дүгээрт эрэмбэлэн алдаршууллаа. Бид ч үүнийг 16000 төмөр замчны маань улсынхаа эдийн засагт оруулж буй хувь нэмрийг Төр, Засаг маань үнэлсэн хэрэг гэж ойлгож хүлээн авдаг.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.