Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк спорт хувцасны Nike компанид шинэ жилийн томоохон бэлэг барьсан байна.
Лхагва гарагт нийтлэгдсэн тус компанийн санхүүгийн тайлангаас Күк өөрийн эзэмшдэг хувьцааны хэмжээг хоёр дахин өсгөсөн нь харагджээ.
Тухайлбал тэр Nike-ийн нийт $3 саяын дүнтэй 50,000 ширхэг хувьцааг худалдан авч, эзэмшлийнхээ хэмжээг 105,000 хувьцаа болгосон байна.
Энэ мэдээг цацагдсаны дараа Зул сарын өмнөх өдөр Nike-ийн хувьцааны ханш 4.64 хувиар өсжээ.
Тим Күк нь 2005 оноос хойш Nike компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Тиймээс түүний энэ үйлдэл тус компанийн гүйцэтгэх захирал Эллиот Хиллийн “эргэлтийн стратеги” үр дүнд хүрэх итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдсон Хилл салбарын жижиг тоглогчдын ширүүн өрсөлдөөнтэй тулгараад буй Nike компанийг сэргээх зорилго тавиад ажиллаж байгаа юм.
Гэхдээ түүний стратеги хэрэгжихэд саад бэрхшээл их байна.
Энэ оны эхээр Трампын зарласан импортын өндөр татвар Nike-ийн зардлыг өсгөсөн бол өнгөрсөн долоо хоногт танилцуулсан хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээс Хятадын зах зээлийн борлуулалт унасан нь харагдсан юм.
Энэ оны турш Nike-ийн хувьцааны ханш 18.5 хувиар буураад байгаа.
Тиймээс Күкийн хувьцаа худалдан авалт тус компанийн ирээдүйд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна.
Күк нь зөвхөн хөрөнгө оруулагч төдийгүй Nike-ийн үнэнч хэрэглэгч юм. Тэрбээр Apple компанийн арга хэмжээнүүдэд оролцохдоо үргэлж тус компанийн пүүзийг өмссөн харагддаг.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!