Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий сугалаа өнгөрсөн амралтын өдөр болсон билээ.
Уг сугалаагаар "G" хэсэгт Бельги, Египет, Иран болон Шинэ Зеландын баг өрсөлдөхөөр болсон юм. Тус хэсгийн Египет, Ираны тоглолт орон нутгийн цагаар 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сеатл хотын "Lumen Field" цэнгэлдэхэд болохоор товлогдсон.
Энэ тоглолтын хуваарь олон нийтэд зарлагдсан даруйд бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах байгууллагаас "Pride Match" гэж нэрлээд уг тоглолтын үеэр хүний эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Учир нь зургаадугаар сарын сүүлээр АНУ-ын Сеатл хотод үйл ажиллагаа явуулдаг "Seatle Pride" байгууллагаас бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах жагсаал хийдэг уламжлалтай аж.
Египет болон Иранд бэлгийн цөөнхийн эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авдаг хууль хэрэгжүүлдэг нь тэдний анхааралд өртсөн байна.
Тэгвэл Египетийн хөлбөмбөгийн холбоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУОХ)-нд тусгай захидал илгээсэн аж. Тэд уг захидалдаа эсэргүүцэгчдийн арга хэмжээг цуцлуулах шаардлагатайг онцолжээ.
Тэд захидалдаа "Эсэргүүцэгчдийн хийхээр төлөвлөж буй зүйлс нь Араб, Исламын ертөнцийн соёл, шашин шүтлэг, нийгмийн үнэт зүйлстэй зөрчилдөж байна" гэж дурдсан юм.
Сонирхуулахад Иранд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орвол цаазаар авах ял оноодог бол Египет улсад ЛГБТ хүмүүсийг яллахад ёс суртахууны хуулийг баримталдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!