Авлигатай тэмцэх газар, "Монголын Залуучуудын эвсэл" ТББ хамтран "Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр "Олон нийтийн төв"-д зохион байгууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш "Нийслэлийн төсвийн зарцуулалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр мэдээлэл өгснийг хүргэж байна.
Ахлах комиссар Б.Тэрбиш "Төсвийг захиран зарцуулах хүмүүсийн анхаарах ёстой нэг асуудал байна. Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Хуулийн этгээдүүдэд нь нэмэгдэхдээ төрийн үйлчилгээний болон захиргааны статустай явах боломжтой.
Эдгээр хуулийн этгээдүүд нь нийтийн албан тушаалд хамаарахгүй, хариуцлагаас чөлөөлөгдөж мэт шиг харагдаж байгаа боловч Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуулиар шалгах боломжтой. Ажил үүргийн давхардал бий болгож, төрийн байгууллагын эрх үүргийг нийслэлийн өмчит болон оролцоотой хуулийн хэрэгжүүлээд байгаа.
Үргэлжлүүлэн тэрбээр "Нийслэл дээр ажил хийгээд явж байгаа Засаг дарга болон агентлагийн дарга нарын гол анхаарах асуудал захиалагчийн хяналтын төсөвт өртөг юм. 4.6 их наяд төгрөгийн төсөв батлаад хэрэгжүүлээд явж байх хугацаандаа сайн ажил зохион байгуулах чанартай барилга баръя гэж бодож байгаа. Эргээд захиалагчийн хяналтын хоёр хувьтай холбоотой асуудал яригддаг.
Захиалагчийн хяналтын хоёр хувийг Барилгын хөгжлийн төв хариуцдаг. Барилгын хөгжлийн төвийг хэтэрхий монополи болсон байгууллага гэж хардаг. Нийслэл захиалагчийн хяналтыг эргээд авъя гээд Улаанбаатар хотын барилга байгууламж, судалгаа шинжилгээний газар байгуулагдсан.
Нийслэлийн захирагчийн алба дээр зураг төсвийн магадлал хийх журамтай холбоотой шийдвэр гарчихсан явж байгаа. Хэрэв Нийслэл тусдаа зураг төсөв, захиалагчийн хяналтаа тавьдаг бол хүний нөөц байгаа юу гэдэг асуудал бий. Барилгын хөгжлийн төв дээр зураг төсвийн магадлал хийх, захиалагчийн хяналттай холбоотой зүйл дээр хүн хүч хүрдэггүй.
Эргээд барилга болон авто замын компаниуд "манай инженерүүдээс бага цалин авдаг, туршлагагүй, мэргэжлийн хувьд тогтвор суурьтай ажиллаагүй албан тушаалтантай төрийн байгууллага бидний хийсэн зураг төсвийг хянаад байна" гэдэг гомдол гаргадаг.
Мөн тэрбээр Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар "Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой журам, хуулийг зөрчсөн тохиолдол нэлээд гарч байна.
Засаг даргын нөөц хөрөнгийг байгалийн болзошгүй гамшиг эрсдэлд бэлэн байх хүрээнд захиран зарцуулах ёстой.
Нийтийн тээврийн сан нийтийн тээврийн асуудлыг шийдэх ёстой. Гэтэл 10 автомашин худалдаж аваад харьяа нэгжүүд рүү тараагаад өгчихсөн байх жишээтэй. Та бүгдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнүүд зарим тохиолдолд асуудлыг түргэн шийдэх гэж байгаа боловч эргээд хууль тогтоомж зөрчих эрсдэлтэй.
Нэг зүйл анхаармаар байна. Бид өөрсдөдөө байгаа засаж болох алдаагаа засъя. Хувийн хэвшлийн зургийн компаниудад хариуцлага тооцож суръя. Улсын хэмжээнд барилгын зураг зурдаг 56 компани бий.
Гэтэл нэгэн компани 320 орчим тендерт оролцож 280-д нь ялсан. Бидний шалгаснаар зураг бүр дээрээ алдаатай байгаа. Chatgpt хүртэл энэ компанийн зургийн алдааг олж байгаа. Тэгэхээр ажлын гүйцэтгэлийн түүх дээр анхаарах ёстой.
Замын хөгжлийн газрын дарга ирсэн байна, шүүмжлэлтэй хандах зүйл гарч байна. Замыг доороос нь эхэлж засдаг. Нийслэл батлагдсан төсөвтэй баригдаад байдаг юм уу дээрээс нь эхэлж хучдаг асуудал бий. Нэг сарын дараа өмнө байсан замын эвдрэлийн судал нь гадаргуу дээр гарч ирдэг.
Дүүргүүдийн нийтлэг үйлчилгээ, тохижилт үйлчилгээний агуулахад хуулж авсан, дахин ашиглах боломжтой 786 тонн явган замын хавтан хадгалаатай байна. Дүүргийн тохижилтын хэлтсийн дарга нартай ярьж байгаад энэ тоог авсан. Үүнийг яаж захиран зарцуулах талаар Нийслэлд хандсан. Энэ хавтангуудын зарим аймгийн удирдлага, аж ахуйн нэгжүүд авч байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!