Уншиж байна ...

"УГТЭ-ийн Харвалтын тасагт жилд маш хүнд хэлбэрийн тархины харвалттай 900 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасагт жилд маш хүнд хэлбэрийн тархины харвалттай 900 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 80-100 тохиолдол нас бардаг байна. 

Тус эмнэлэг нь донор эмнэлгийн нэг бөгөөд 2019 оноос хойш нийт 21 бодит донор тодорхойлон, олон хүнд амьдрал бэлэглэжээ. 

Энэ талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаа дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Тархины харвалт гэдэг маш хүнд эмгэг. 

21 аймаг, есөн дүүргийн маш хүнд тархины харвалттай эмчлүүлэгчид манай эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг.

Туйлын хүнд, амь аврагдах боломжгүй, амьсгал, зүрх судас маш хүнд, тархи ажиллагаагүй болсон тохиолдолд сайдын тушаал, холбогдох журмынхаа дагуу тархины үхэл тодорхойлох багийг байгуулж, тэрхүү баг "Тархи ажиллагаагүй болсон байна" гэдгийг нарийн оношилгоо, шинжилгээнд тулгуурлаж гаргана.

Үүний дүнд туйлын боломжгүй болсон, эмийн эмчилгээнд үр дүнгүй тохиолдлуудаа тодорхойлоод 2019 оноос хойш 21 бодит донорыг гаргасан. Түүний цаана олон хүнд амьдрал бэлэглэж байдаг" гэв. 

Үргэлжлүүлэн "Нас барах эрсдэл өндөртэй гэдэг тохиолдол болгон дээр донор тодорхойлохгүй.

Эмч нар хүний амь насыг авран хамгаалахын тулд ажиллаж, амьдруулахын төлөө анагаах ухаанд суурилсан бүх эмчилгээ, оношилгоог хийж байгаа. 

Гэтэл анагаах ухаанд суурилсан оношилгоо эмчилгээнд баригдах боломжгүй, туйлын хүнд, амьсгал зүрх судас бүрэн ажиллагаагүй болчихсон, тархи ажиллагаагүй болсон тохиолдолд донор болох уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог.

Донор тодорхойлох заалт гэж бий. Тэр заалтынхаа дагуу донор тодорхойлох уу, үгүй юу гэдгийг үзнэ" гэлээ.

ВИДЕО: