Өнгөрсөн Баасан гарагт Нэтфликс компани Warners Bros Discovery компанийн кино, видео стриминг бизнесүүдийг $72 тэрбумаар худалдаж авах тохиролцоонд хүрснээ зарлаж байв.
Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт энэ салбарын өөр нэг хүчтэй тоглогч Paramount Skydance компани Warner Bros-ийн бизнесийг $108.4 тэрбумаар худалдаж авах саналыг сөргүүлэн тавьжээ.
Үүнийг Нэтфликсийн ноёрхлыг хязгаарлах гэсэн сүүлчийн оролдлого гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ Нэтфликсийн худалдан авалт эцэслэн шийдэгдэхэд АНУ-ын шударга өрсөлдөөнийг зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатай байгаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү наймаа бүтэлтэй болох эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Холливүүдийн үйлдвэрчний эвлэлүүд бас уг наймааны улмаас ажлын байр цомхотгогдож, хэрэглэгчдийн төлбөр өсөж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа.
Хэдийгээр Paramount компани илүү өндөр үнэ санал болгосон ч Warner Bros компанийн удирдах зөвлөл тус компанийн санхүүгийн чадавхад эргэлзэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Paramount энэ оны есдүгээр сараас хойш хэд хэдэн удаа худалдаж авах санал тавьж байжээ.
Тус компани нь Холливүүдийн томоохон студи хэвээр байгаа ч кино театруудаас олдог орлого нь тогтворгүй, АНУ-ын зах зээлд Disney, Universal, Warner Bros компаниудтай ширүүн өрсөлдөөнтэй ажилладаг.
Paramount компанийн гүйцэтгэх захирал Дэвид Эллисон өчигдөр CNBC сувгаар ярихдаа өрсөлдөгчдөд ижил тэгш боломж олгохгүй байгаа Warner Bros компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг шүүмжилжээ.
“Бид энэ хэлэлцээрийн хамгийн том хөрөнгө оруулагч байх болно. Бид өөрийн хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө, бас Warner Bros Discovery компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөө тэмцэж байна” гэж тэр хэлсэн юм.
Түүний аав Ларри Эллисон бол Oracle компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр дахь баян хүн, ерөнхийлөгч Трамптай ойр холбоотой нэгэн юм.
Өнгөрсөн сарын дундуур Нэтфликсийн гүйцэтгэх захирлуудын нэг Тэд Сарандосыг хүлээн авч уулзсаныхаа дараа Трамп хамгийн өндөр үнэ хэлсэн талд хөрөнгөө худалдахыг Warner Bros-ийн удирдлагуудад уриалж байжээ.
Урт хугацааны түүхтэй Warner Bros-ийн эзэмшилд олон алдартай дэлгэцийн бүтээлүүд байдаг бөгөөд тэдгээрийг Нэтфликс өөртөө нэгтгэвэл зах зээлийнхээ хүрээг улам тэлэх юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!