Уншиж байна ...

Шүүхэд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн гурван сарын хугацаанд 24 гэр бүл эвлэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар хуульчилсан.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны тавдугаар сард байгуулж, наймдугаар сарын 20-ны өдрөөс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэл зүйч ажиллуулж байгаа юм.

Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй гэрлэгчид ихэвчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүрт автсан байдаг тул сэтгэл зүйчийн дэмжлэг нь талуудын сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулах, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандаж, хосуудыг бие биедээ болон үр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэрлэлт цуцлуулах хүсэлтээсээ татгалзахад эерэг нөлөө үзүүлж байна.

Шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхлэхээс өмнө буюу 2025 оны тавдугаар сараас наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд нийт 14 гэр бүл эвлэрч байсан бол түүнээс хойших гурван сарын хугацаанд сэтгэл зүйч ажилласнаар 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарчээ. Сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааны амжилттай хувь 1.7 хувиар өссөн байна.

Дээрх хугацаанд сэтгэл зүйч нь хосын зөвлөгөөг 123 хүнд, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг гурван хүүхдэд, ганцаарчилсан зөвлөгөөг 25 хүнд өгсөн.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч хүүхдийн саналыг асуухад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гадна хэн байлцах нь хуульд тодорхой тусаагүй, хүүхэд өөрийн саналаа хэлэхдээ шүүхийн орчин болон шүүгч, эцэг, эхээсээ эмээдэг, уг ажиллагаанд 2 талын өмгөөлөгчийг оролцуулах нь хүүхдийн саналд нөлөөлөх магадлалтай байдаг тул шүүхийн практикт хөндлөнгийн өмгөөлөгчийг албан бусаар оролцуулах тохиолдол гардаг байна.

Дээрх санамж бичгийн хүрээнд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 1-д “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана” гэж заасныг хангуулахаар 10 орчим хүүхдийн санал асуух ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйчийг оролцуулахад хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлсэн үр дүн гарчээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 онд шинээр хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаагаар шинээр гэрлэсэн гэрлэгчдийн тоо өмнөх таван жилтэй харьцуулахад 29 хувиар буурсан, гэрлэлт цуцлуулсан гэр бүлийн тоо 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлалтын түвшинг бууруулахаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Тиймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчийн оношилгоо, зөвлөгөө нь бодит дэмжлэг болж байгаа тул тус яамны зүгээс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах багийн бүрэлдэхүүнд сэтгэл зүйчийг оролцуулах талаар санал хүргүүлэн ажиллаж байна гэж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.