Уншиж байна ...

Б.Лхагвабаяр: 6-12 дугаар ангийн сурагчдын 96.5 хувь нь сурах бичигтэй болох боломж бүрдсэн

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 13 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн жил эхлээд бүтэн улирал болж байна. Энэ долоо хоногт бага ангиуд хичээллээд амрах бол ирэх долоо хоногт дунд, ахлах ангийнхан хичээллээд амрах юм.

Гэвч сурах бичгийн асуудал хөндөгдсөн хэвээр байна. Тодруулбал сурах бичиг зах зээлд худалдах, хүргэх үйлчилгээг үзүүлж байсан "APlus" компани ажлаа түр зогсоосон. Учир нь төрийн эрх бүхий байгууллагаас энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх эрхгүй талаарх шийдвэрийг Аймаг, Нийслэлийн Боловсролын Газарт хүргүүлснээр тус компани үйл ажиллагаагаа түр зогсоож шүүхэд хандсан гэж өөрсдийн цахим хуудсандаа мэдэгдсэн байна. 

Сурах бичигтэй холбоотой энэ асуудлаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяраас тодрууллаа.

- Энэ хичээлийн жил эхэлсэн цагаас л сурах бичгийн асуудал бараг тасралтгүй үргэлжиллээ. Одоо бодит байдал ямар байна вэ?

- БЕГ нь сурах бичгийн хэвлэх, хангах нийлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн дагуу бага ангийн сурах бичгийг үнэ төлбөргүй, 6-12 дугаар ангийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулдаг. Мөн эцэг эх, асран хамгаалагч нь хүсэлт гаргавал худалдах хуулийн заалттай. Энэ хүрээнд 5-6 дугаар сард БЕГ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад сурах бичгийг сургууль бүрд хүргэх аж ахуйн нэгжийг сонгосон. 1-5 дугаар ангийн сурах бичиг есдүгээр сарын эхний долоо хоногт сургуулиуд бүрэн хүрсэн бол 6-12 дугаар ангийн сурах бичиг бага зэрэг удааширсан асуудал бий.

Сургуулиудын номын санд 2019 онд хэвлэсэн 180,000 гаруй сурах бичиг, 2022-2024 онд хэвлэсэн 186,000 багц сурах бичиг бий. Мөн зах зээлд худалдахаар бэлдсэн 75,900 багц сурах бичиг бэлэн байсан. 2019 онд хэвлэгдсэн багц сурах бичгүүдээс шаардлага хангахааргүй болснуудыг акталснаар ашиглах боломжтой 109,000 багц сурах бичиг үлдсэн. 2022-2024 онд хэвлэгдсэнтэй нь нийлүүлэн тооцвол 300,000 орчим багц сурах бичиг, үүн дээр зах зээлд худалдах 75,900 сурах бичиг нэмэхээр 370,000 гаруй сурах бичигтэй болсон. 

2025-2026 оны хичээлийн жил эхлэх үеийн урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 6-12 дугаар ангид 440,000 гаруй хүүхэд суралцах тооцоолол байлаа. Саяхан статистикийг баталгаажуулахад улсын хэмжээнд 441,499 хүүхэд дунд болон ахлах ангид суралцаж байна. Есдүгээр сард 2019 оны 70,000 сурах бичгийг актлаад оронд нь 55,400 багц сурах бичиг хэвлэхээр болж, есдүгээр сарын сүүл гэхэд бүх сурах бичиг хэвлэгдэн аравдугаар сарын бие даалтын долоо хоногт болон түүний дараах долоо хоногт бүх сургуульд хүрсэн. Эдгээр тоог нэгтгэж үзвэл нийтдээ 430,000 гаруй сурах бичиг сургуулиудад очсоноор нийт сурагчийн 96.5 хувь нь хэвлэмэл сурах бичгээр хангагдах боломж бүрдсэн.

Сурах бичиг дутагдалтай байгаа асуудал нь зарим сургууль захиалгаа дутуу өгөх, зарим сургууль нэгдэх, салах тохиолдол ч гарсан. Одоо бол сурах бичгийн асуудал цэгцэрсэн гэж хэлж болно.

- "Aplus"-тай холбоотой яг ямар асуудал үүссэн бэ. Сурах бичиг худалдах, түрээслэх үйлчилгээ үзүүлж байсан уг компанийг яагаад энэ төрлийн үйл ажиллагааг явуулах эрхгүй гэсэн шийдвэрийг боловсролын газруудад хүргүүлсэн юм бол?

- "APlus" компани нь захиалгын дагуу сурах бичиг худалдах ёстой. Тус компани худалдаалах үйлчилгээгээ өргөжүүлэхээр төлбөрийг нь 3-4 хуваан төлөх боломжийг нээсэн юм билээ. Гэтэл үүнийг нь эцэг эхчүүд, зарим сургууль түрээсэлж байгаа гэж ойлгосон асуудал байгаа.

- Манай редакцад хандсан иргэн "APlus"-аас сурах бичиг түрээслэхээр төлбөрөө төлсөн, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт багтаж хүргэгдэх ёстой байсан сурах бичиг ирээгүй, мөнгөө аваагүй гэх гомдол хэлж байгаа?

- Тус компани нь худалдаалах сурах бичгийн захиалгыг аваад хэвлээд хүргэх гэрээтэй. Түүнээс биш номын сангаар дамжуулан түрээсээр ашиглуулах 55,400 багц сурах бичгээс авч түгээнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол тусдаа асуудал юм. Манай талаас худалдаалах сурах бичгээ л хүргэ гэсэн шаардлага тавьсан. Түрээс гэж холилдуулж болохгүй, түрээс бол тусдаа юм.

Орон нутгийн сургуулиудад бид түрээсийн сурах бичгийн захиалгаа андуурч өөр газарт өгөхөөс сэргийлж нягтлахыг зөвлөсөн. Орон нутгаас ирсэн захиалгын дагуу есдүгээр сарын сүүлээр хэвлэгдсэн 55,400 багц сурах бичгээсээ хуваарилсан.

Мөн яамнаас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад аравдугаар сарын 28-нд тус компанийг зөвхөн худалдаалах эрхтэй, гэрээнд нь түрээслэх талаар тусгагдаагүй гэдэг агуулгатай бичиг явуулсан юм байна лээ. 

- Сурагчдын хэдэн хувь нь сурах бичгээ багцаар нь худалдан авдаг вэ?

- Энэ хичээлийн жилд гэхэд 75,900 баг сурах бичиг худалдаалагдахаар байсны 50,000 гаруй нь орон нутагт худалдаалагджээ. Нийслэлд 20,000 гаруй багц сурах бичиг сурагчдын гарт очиж байна.  Үндсэндээ нийт сурах бичгийн 20 орчим хувь нь худалдаалагдаж, 80 гаруй хувь нь түрээсээр ашиглагдаж байна. Мөн интерактив сурах бичгийг хүүхэд бүр ашиглах боломжтой.



"APlus" компанийн МЭДЭГДЭЛ

Манай байгууллага 2023 оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн Боловсролын ерөнхий газар-тай “Сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх ажил гүйцэтгэх” гэрээг, мөн 2024 оны 9-р сараас эхлэн Боловсролын яам-тай “Мэдээлэл солилцох” гэрээг байгуулан ажиллаж байна.

Мэдээлэл солилцох гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь Боловсролын сайдын 2024 оны 12-р сард баталсан А/261 дугаар журам-ын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус журмын хавсралтад заасан:

  • 75-р заалт: “Түрээсийн сурах бичгийн удирдлага”
  • 81-р заалт: “Ном, сурах бичгийн захиалга, түрээс, буцаах үйлдлийг автоматжуулах” гэсэн шаардлагуудын дагуу бид системийн хөгжүүлэлтийг хийж, ерөнхий боловсролын сургуулиуд болон хэрэглэгчдэдээ цахим системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Мөн сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн цахим сайт болон аппликэйшн дээр сурах бичгийн захиалга авах, төлбөр төлөх, сурах бичгийг сонгох, захиалах, буцаах зэрэг үйлдлүүдтэй байх бөгөөд төлбөрийг 4 ба түүнээс дээш төлбөрийн хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлэх; гэрээний хугацаанд захиалагч нь тухайн ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх нөхцөлтэйгөөр ажиллаж ирсэн болно.

Гэтэл төрийн эрх бүхий байгууллагууд энэхүү гэрээний заалтууд болон баталсан журмаа зөрчин, манай байгууллагыг сурах бичиг түрээслэх, захиалга авах, хүргэлт хийх эрхгүй хэмээн шийдвэр гаргаж 2025 оны 10-р сарын 28-ны өдрийн албан бичгээр аймаг, дүүргийн боловсролын газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд бид үүссэн нөхцөл байдлыг харгалзан, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч байгааг мэдэгдэж байна:

  • Сурах бичгийн захиалгыг цуцалж, хэрэглэгчдийн төлбөрийг буцаан олгох,
  • Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн бүх сурах бичгийг татан авах,
  • Үүнтэй холбогдуулан гэрээний үүргээ зөрчиж, байгууллагад учруулсан хохирлыг тогтоолгохоор шүүхэд хандах арга хэмжээ авч байна.

Манай байгууллага шүүхийн шийдвэр гарах хүртэл сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгааг мэдэгдэж байна.

Тус компанитай холбогдох гэсэн боловч утасны автомат хариулагчаар дээрх мэдэгдлээ сонордуулаад дуудлага тасарч байв.