Уншиж байна ...

Трампын дэмжсэн нэр дэвшигч Хондурасын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах төлөвтэй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 22 минут
iKon.MN
Зураг зураг
Нэр дэвшигч Сальвадор Насралла

Ням гарагт Төв Америкийн Хондурас улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн бөгөөд саналын хуудас тоолох үйл явц техникийн зарим саатлын улмаас өчигдөр гурав дахь өдрөө үргэлжилжээ.

Нийт саналын хуудасны 80 орчим хувийг тоолсны дараах байдлаар телевизийн хөтлөгч Сальвадор Насралла өрсөлдөгчөөсөө авсан саналын тоогоор тэргүүлж эхэлсэн байна.

Тэрбээр 40.34 хувийн саналтай, түүний өрсөлдөгч болох баруун жигүүрийн улс төрч Насри Асфура 39.57 хувийн саналтай болжээ.

Тооллогын эхний өдөр буюу Даваа гарагт Хондурасын сонгуулийн ерөнхий хороо өрсөлдөгчдийн авсан саналын тоо “техникийн хувьд тэнцүү” явааг мэдээлж байв.

Энэ мэдэгдэл улс төрийн ижил үзэл баримтлалтай Асфураг дэмжиж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг бухимдуулсан бөгөөд тэр Хондурасын сонгуулийн ерөнхий хороонд “хэрвээ үр дүнг өөрчилбөл ноцтой үр дагавар амсахыг” анхааруулж байлаа.

зураг
 
Нэр дэвшигч Насри Асфура

Трамп 72 настай Насраллаг “Коммунизмын эсрэг үзэлтний дүр эсгэгч” хэмээн шүүмжилж, оронд нь 67 настай бизнесмэн Асфурад саналаа өгөхийг Хондурасын иргэдэд уриалж байсан юм.

Ер нь Трамп сүүлийн үед өөрийн холбоотнуудыг дэмжих зорилгоор бүс нутгийнхаа улс орнуудын сонгуульд нөлөөлөхийг оролдох болсон. Тэрбээр өмнө нь Аргентины парламентын сонгуульд ерөнхийлөгч Хавьер Милейн нам ялахгүй бол АНУ тусламжаа зогсоохыг анхааруулж байлаа.

Энэ сонгуульд түүний холбоотон Милей ялалт байгуулсан юм.

Хондураст бас ийм арга хэрэглэсэн ч үр дүн Трампын талд гарах магадлал бага байна.

Гэхдээ ямар ч үр дүн гарсан энэ удаагийн сонгуульд эрх баригч зүүнтнүүд ялагдаж, Латин Америкийн хамгийн ядуу, хамгийн их гэмт хэрэг, хүчирхийлэлтэй орнуудын нэг Хондураст АНУ-ын нөлөө нэмэгдэх төлөвтэй болжээ. Тус улсын өмнөх засгийн газар Хятад улстай нэлээд ойртон түншилж байсан нь Трампын засаг захиргааны санааг зовоож байсан юм.

 

Эх сурвалж: AFP