Тайландын Бангкок хотноо өсвөрийн шатрын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж, Монголын баг үндсэн төрөлд нэг алт, рапид буюу түргэвчилсэн төрөлд нэг хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал 27 дахь удаагийн тус тэмцээнд 16 хүртэлх насны охидын ангилалд WDM буюу дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Э.Эмүжин швейцар системээр есөн өрөг тоглосны эцэст 7.5 оноогоор тэргүүлснээр алтан медаль хүртсэн байна.
Мөн охидын 14 хүртэлх насны рапид буюу түргэвчилсэн тоглолтод А.Монголжингоо хүрэл медаль зүүжээ.
Багийн дүнгээр хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-гийн нэр дээр өрсөлдсөн оросууд тэргүүлсэн бол БНХАУ-ын баг мөнгө, Вьетнамын баг хүрэл медаль хүртлээ. Харин тэмцээнээс алт авсан долоон улсын нэг болсон Монголын баг долдугаар байр эзэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!