Туркийн эргээс холгүй Хар тэнгисийн усанд зорчиж байсан Оросын газрын тос тээвэрлэгч хоёр хөлөгт дотооддоо үйлдвэрлэсэн “Sea Baby” нэртэй тэнгисийн дроноор амжилттай довтолсныг Украины аюулаас хамгаалах албаны эх сурвалж Бямба гарагт мэдээлжээ.
Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилготой Оросын “сүүдрийн флот” гэгчийн бүрэлдэхүүнд багтдаг Кайрос, Вират нэртэй хоёр тээвэрлэгч Баасан гарагийн орой дараалан халдлагад өртсөн юм байна.
Туркийн эргийн хамгаалалтын албаныхан аврах ажиллагаа явуулж, хоёр хөлгийн багийн гишүүдийг бүгдийг аюулгүй газарт шилжүүлснээ мэдээлжээ.
Нэг удаадаа нийт бараг $70 саяын үнэ бүхий газрын тос тээвэрлэх хүчин чадалтай хөлгүүдийг гэмтээсэн нь эзлэн түрэмгийлэх дайнаа санхүүжүүлэх Оросын хүчин чармайлтад саад учруулах зорилготойг Украины албаны эх сурвалж тайлбарласан байна.
Украины мэдэгдлээс өмнө Туркийн тээвэр, дэд бүтцийн сайд Абдулкадир Уралоглу тээвэрлэгч хөлгүүд мина, пуужин, дроны аль нэгний цохилтод өртсөн байж болзошгүйг мэдээлж байв.
Энэ цохилт Хар тэнгис дэх Туркийн эдийн засгийн онцгой бүсэд болсон бөгөөд Турк улс дахин ийм зүйл тохиолдохоос сэргийлэхийн тулд түншүүдтэйгээ холбогдон ажиллаж байгааг тэр хэлжээ.
Туркийн албаныхны мэдээлснээр Гамби улсын далбаан дор ажилладаг Кайрос хөлөг Египет улсаас Оросын Новороссийск боомт руу хоосон аялж явсан бөгөөд Туркийн Кочаели мужийн эргээс 52 км-ийн зайд халдлагад өртөн шатсан байна.
Үүний дараа эргээс 64 км зайд хөвж явсан Вират хөлөг мөн халдлагад өртжээ.
Европын Холбоо, Швейцар, Их Британи, Канадын авсан ижил арга хэмжээний дараа Вират хөлгийг АНУ-ын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард хар жагсаалтдаа оруулсан байна.
Кайрос хөлгийг мөн Их Британи, Швейцар улсууд хар жагсаалтаа нэмсний дараа энэ оны долдугаар сард Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж байжээ.
2018 онд үйлдвэрлэгдсэн Вират тээвэрлэгч өмнө нь Барбадос, Коморын арлууд, Либери, Панам улсуудын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг байсныг “OpenSanctions” вэб сайт харуулж байна.
2002 онд ашиглалтад орсон Кайрос өмнө нь Панам, Грек, Либерийн далбаан дор ажилладаг байжээ.
Дайны турш Украины зэвсэгт хүчин Оросын тэнгисийн хөлгүүдэд амжилттай довтолж байсан ч үйл ажиллагааны цар хүрээ нь Хар тэнгисийн хойд хэсэгт хязгаарлагддаг байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!