Уншиж байна ...

Венесуэлийн агаарын орон зай бүрэн хаагдсанд тооцохыг Трамп анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн нутаг дэвсгэр болон түүнийг хүрээлсэн газрын дээрх агаарын орон зай бүрэн хаагдсанд тооцох ёстойг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анхааруулжээ.

“Бүх агаарын тээврийн компаниуд, нисгэгчид, хар тамхины болон хүний наймаачид та бүхэнд хандаж хэлэхэд: Венесуэлийн дээрх болон хүрээлсэн газрын дээрх агаарын орон зайг бүрэн хаагдсанд тооцоорой” гэж тэр Бямба гарагт сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Энэ талаар тодруулгад Пентагон болон Цагаан ордны аль нь ч ямар нэг тайлбар өгөөгүй юм.

Сүүлд Венесуэлийн засгийн газар Трампын мэдэгдлийг буруушааж, үүнийг тусгаар тогтносон улсад “колоничлолын сүрдүүлэг” үзүүлсэн хэрэг хэмээн тодорхойлжээ.

1998, 1999 онуудад Иракийн хойд хэсэгт нислэггүй бүсийг удирдаж байсан гол хүн болох чөлөөнд гарсан дэслэгч генерал Дэвид Дептула үүнийг маш их эргэлзээтэй мэдэгдэл гэж дүгнэсэн байна.

Тухайлбал Венесуэлийн агаарын орон зайг хаахын тулд зорилгоосоо хамааран нэлээд хэмжээний зардал, төлөвлөлт шаардлагатай тул ийм амархан шийдвэрлэх боломжгүйг тэр тайлбарлажээ.

Америкчуудыг хар тамхинд живүүлэх ажилд Венесуэлийн эрх баригчид чухал үүрэгтэй оролцож байгаа гэж Трамп үздэг.

Энэ шалтгаанаар тэр Карибын тэнгисийн өмнөд хэсэг, Венесуэлийн эргээс холгүй газарт их хэмжээний байлдааны зэвсэг техник төвлөрүүлээд байгаа.

Мөн Венесуэлийн нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулах зөвшөөрлийг Тагнуулын Төв Газарт өгснөө Трамп нэг удаа ам алдаж байв.

Түүний төлөвлөгөө нь зөвхөн хар тамхины картелуудтай тэмцэх биш, ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг түлхэн унагах байж магадгүй болоод байгаа.

2013 оноос хойш Венесуэлийг удирдаж буй Мадуро бас АНУ-ын болзошгүй халдлагын эсрэг зэвсэгт хүчин, ард иргэдээ бэлдэж эхэлсэн.

Энэ долоо хоногийн эхээр Трамп цэргийн албан хаагчидтай уулзахдаа АНУ-ыг чиглэсэн хар тамхины урсгалыг зогсоохын тулд “тун удахгүй” Венесуэлийн нутаг дэвсгэрт “хуурай замын ажиллагаа” эхлүүлэх гэж байгааг мэдэгджээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Венесуэлд газар зүйн байрлал тогтоогч GPS системийн дохио унах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Газар  аюулгүй байдлын орчин нөхцөл муудаж, цэргийн үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор Венесуэлийн нутаг дэвсгэр дээгүүр нисэхэд “эрсдэл” учирч болзошгүйг нислэгийн компаниудад анхааруулж байв.

Энэ анхааруулгын дараа олон улсын агаарын тээврийн зарим компаниуд Венесуэл чиглэлийн нислэгүүдээ зогсоосон юм. Венесуэлийн эрх баригчид үүнд хариу арга хэмжээ авч, нислэгээ зогсоосон зургаан том компанийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан байна.

 

Эх сурвалж: Reuters