Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Абу Дабигийн Их Дуулга тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ.
Нийт 52 орны 370 гаруй жүдоч өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий дэд аварга Э.Ариунболд мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр эхний даваанд ОХУ-ын Харун Тлешивийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Италийн Андреа Карлониг юко үнэлгээгээр илүүрхсэн.
Улмаар Туркийн Салих Елдиз, Гүржийн Гиоржи Сардалашвили нарыг цэвэр ялсан байна.
Ингээд аваргын төлөө ОХУ-ын Аюб Блиевт вазари үнэлгээгээр дийлджээ.
Өдгөө 30 настай Э.Ариунболд Их Дуулга ангиллын тэмцээнээс анх удаа мөнгөн медаль хүртсэн нь энэ. Тэрбээр өмнө нь хоёр хүрэл медаль авч байв.
Түүний шагналыг саяхан IJF-ын Удирдах Зөвлөлд төдийгүй Сургалтын албаны захирлаар сонгогдсон Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Баттулга гардуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!