Хонконгийн орон сууцны нэг хотхоны долоон барилгад гарсан гал түймрийн үеэр амиа алдсан хүний тоо 128 хүрснийг тус хотын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ.
Эдгээрээс гадна сураггүй болсон олон хүний эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Барилгын гадна талыг засварлахад оролцсон найман хүнийг нэмж баривчилжээ.
Засварын үеэр барилгын гадна талд суурилуулсан хулсан шат, тэдгээрийг бүрхсэн ногоон тор, хөөсөнцөр хавтангууд шатсан нь удалгүй барилгаас барилга дамжин том түймэр болж өргөжсөн юм.
Өчигдөр баривчлагдсан 40-63 насны долоон эрэгтэй, нэг эмэгтэй нь шатны туслан гүйцэтгэгчид, инженерийн зөвлөх компанийн захирлууд, засварын ажлыг хянаж байсан төслийн менежэрүүд байсныг Авлигатай Тэмцэх Хараат Бус Хороо мэдээлжээ.
Пүрэв гарагт эхэлсэн түймрийг унтраахад гал сөнөөгчид 24 цагийг зарцуулсан бөгөөд Баасан гарагийн өглөө хүртэл бүрэн унтрааж чадаагүй байв.
Нийтдээ 200 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож, хэн нь тогтоогдоогүй 89 цогцос байгааг Хонконгийн аюулаас хамгаалах албаны захирал Крис Тан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Аврах ажиллагаанд 2,300 гаруй гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноос 79 нь түлэгдэж, шархадсан байна.
Нэг гал сөнөөгч амиа алджээ.
Эх газрын Хятадтай хил залгадаг Хонконгийн Тай По дүүрэгт байрладаг Ван Фук Корт орон сууцны хотхон нь тус бүр 31 давхар өндөртэй найман барилгаас бүрддэг юм.
1980-аад оны үед баригдсан энэ хотхонд их засварын ажил үргэлжилж байжээ. Хотхоны бараг 2,000 орон сууцанд нийтдээ 4,800 орчим хүн амьдардаг.
Засварын үеэр барилгын гадна хананд байрлуулсан шат болон бусад материалууд шатамхай шинж чанартай байсан нь түймрийг хурдтай өргөжихөд нөлөөлсөн байж болзошгүй гэж эрх баригчид сэжиглэж байна.
Үүнтэй холбогдуулан Хонконгийн бусад орон сууцны барилгуудын засварт ашиглаж буй материалуудыг яаралтай шалгах ажил эхэлжээ.
Энэхүү гамшиг нь Хонконгийн сүүлийн хэдэн арван жилийн түүхэнд гарсан хамгийн том гал түймэрт тооцогдож байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр 1996 онд Коулун дүүргийн худалдааны төвд гал гарахад 41 хүн амиа алдаж байсан бол 1948 онд агуулахад гарсан гал түймрийн үеэр 176 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!