Уншиж байна ...

Г.Занданшатар: Өдрийн хоолноос бусад зардал гаргадаггүй учраас ЗЭЭЛГҮЙ амьдарч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын асуулгын цаг үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдаас "Та зээлтэй юу" гэж асуусан. 

Үүнд Ерөнхий сайд Г.Занданшатар "Иргэдийн 63.8 хувь нь зээлтэй байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад цалингийн болон хэрэглээний зээл багассан мэт харагдаж байгаа ч иргэд орлого нь хүрэлцэхгүй байгаагаас голдуу хэрэглээний зээл авч байна. Бизнес гэхээс илүү амьжиргаагаа нөхөхдөө авч байгаа зээл. Үүний 17 хувь нь машины зээл байна. Нийт агуулгаар нь харвал амьжиргааны өртөгт зарлага нь орлогоосоо дунджаар 172 мянган төгрөгөөр илүү.

Би хувь хүнийхээ нэр дээр зээлгүй. Миний зарлага харьцангуй бага. Би ажил, гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бусад газраар ордоггүй. Өдрийн хоолны зардлаас бусад зардал гаргадаггүй учраас одоогоор зээлгүй амьдарч байна. Хүргэж өгөөд, хүргээд авчихдаг учраас миний зардал харьцангуй гайгүй. Ордонд хямд хоол иддэг. 

Эдийн засагч хүн учраас зардлаа хэмнэж хүндрэлтэй эрин үед ингэж амьдарч байна. Зээлгүй 32 хувьд хамаарч байгаа" гэж хариуллаа.

2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал Ерөнхий сайд Г.Занданшатар нь нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Өөрийн орлого нь жилийн 83.9 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 254.8 сая төгрөг байжээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/1219174026927019