Уншиж байна ...

Г.Занданшатар: Орон сууцжуулалтын банк бол дэлхий нийтийн хандлага. Манайх шиг эсгий гэртэй хот гэж байхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны "Асуулгын цаг"-ийн гурав дахь мэтгэлцээн өнөөдөр "Амьжиргааны өртөг өрхийн төсөв цоорхой хувин боллоо" сэдвээр эхэлж байна.

Сөрөг хүчнийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайдад иргэдийн амьжиргааг бодитой сайжруулахад ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар нь урьдчилан бэлтгэсэн асуултынхаа дагуу хариулт авч, мэтгэлцэх юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Залуу гэр бүл орон сууц авахад бэрх болсон. М.кв-ын үнэ өссөнөөс 6 хувийн хүүтэй зээл авахад урьдчилгаа төлбөрөө төлөөд сарын төлөлт нь дунджаар 2.7 сая төгрөг болчхоод байна. Гэтэл өрхийн сарын дундаж орлого 3 сая төгрөг байна. Иймээс залуу гэр бүл гадагшаа явахыг сонгож байна. Энэ талаар дээр Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Нийлүүлэлт талын бодлого буюу орц цемент, арматур, гангийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр хямд өртгөөр чанартай орон сууц барих боломжтой болно. Ипотекийн зээл нь эрэлтийг дэмжээд, улмаар импортыг нэмэгдүүлэн орон сууцны үнийг өсгөөд байгаа. Иймээс нийлүүлэлт талаа дэмжинэ. Мөн орон сууцжуулалтын банк байгуулж, худалдан авах боломжид нийцсэн орон сууцжуулалтын бодлого хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Орон сууцжуулалтын банк байгуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ хэлье. Одоо байгаа тогтолцоогоо сайжруулаад явах ёстой.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон сууцжуулалтын банк бол дэлхий нийтийн хандлага. Манайх шиг эсгий гэртэй хот гэж байхгүй. Бүх улсад орон сууцжуулалтын санхүүжилтийн тусдаа механизм үйлчилдэг. Учир нь энэ бол хүний суурь хэрэгцээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/1219174026927019