Умард Солонгосын эрх баригчид орос хэлийг бага сургуулиас эхлэн заавал суралцах хичээл болгосныг Оросын албаны эх сурвалж мэдээлжээ.
“БНАСАУ-ын сургуулиудад дөрөвдүгээр ангиас эхлэн орос хэлийг заавал үзэх гадаад хэл болгох шийдвэр гарсан” гэж ОХУ-ын Байгалийн нөөц, Хүрээлэн байгаа орчны сайд Александр Козлов мэдээлсэн байна.
Тэрбээр хоёр улсын засгийн газар хоорондын хорооны гишүүн юм. Гэхдээ Козлов шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Одоогоор орос хэл Умард Солонгосын хүүхэд залуучуудын дунд хамгийн эрэлттэй гадаад хэлнүүдийн нэг болж, 600 орчим оюутан, сурагч суралцаж байгааг тэр мэдээлжээ.
Мөн өнгөрсөн хичээлийн жилд тус улсын 96 оюутан ОХУ-ын их сургуулиудад элссэн гэнэ.
Пёнянд суугаа ОХУ-ын элчин сайдын яам Пушкиний Хүрээлэнгийн хоёр багш саяхан нэг сарын хугацаанд Умард Солонгост ажиллахдаа 250 орчим оюутанд орос хэл, соёлын хичээл заасан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Козлов өчигдөр бас Оросын 3,000 гаруй сурагч солонгос хэлийг хоёр дахь болон гурав дахь гадаад хэлээр сонгон суралцаж байгаа гэсэн тоо баримтыг өгсөн байна.
Украины дайн эхэлсэн цагаас хойш хоёр улс түншлэл, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлээд байгаа юм.
Өнгөрсөн онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээг байгуулсан бол Курск мужийг Украины цэргээс чөлөөлөх байлдааны ажиллагаанд Умард Солонгос олон мянган цэргээ илгээж байв.
Эх сурвалж: Интерфакс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!